Иргэн Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Н-ийг “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн аж.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “...согтууруулах ундаа... хэрэглэсэн,...үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах шалтгаан болсон байна.
Шүүхээс Н-ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.