Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэр¬гийн анхан шатны шүүхэд өчигдөр хийлээ. Улмаар дээрх гурван яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг ирэх сарын 3-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо. Тэднийг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хан¬гаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй. НПГаас А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт Эрүүгийн хуулийн 18.13-2-ын “Банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
“Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтын тайланд дурдсанаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн билээ. “Капитал”ын удирдлагад холбогдох хэргийг шалгаж эхлэх үед прокурорын байгууллагаас хөрөнгүүдийг нь битүүмжлэн эрх хүлээн авагчдын захиран зарцуулах эрхийг хязгаарласан учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирлынх нь дийлэнх хэсгийг төлүүлсэн байдаг. Тодруулбал, банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөг нөхөн төлүүлсэн гэж мэдээлсэн юм.
Харин дээрх гурван хүнд холбогдох хэргээс УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн дарга асан С.Эрдэнэ нарын үйлдлийг тусгаарлаад буй билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон