Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан
УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримт шинжлэн судлах сонсголыг өчигдөр эхлүүллээ. Манай парламентын түүхэн дэх анхны эл сонсголыг энэ сарын 16-20-нд зохион байгуулах бөгөөд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлт, олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг аван, ашиглалт, зарцуулалтын төлөв байдлын талаар гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох зорилготой. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалттай нэгбүрчлэн танилцахюм.
Эхний өдөр “Бэрэн групп”, “Зэст өндөр”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Монгол драй милк”, “Газ импорт”, “Мон лаа”, “Вертекс майнинг партнер”, “Эйч энд эйч ремикон”, “Энсада-Истерн”, “Империал гоулд майнинг” гэсэн 11 компанийн зээл, тэдгээрт хамаарах 65 гэрчийг сонсголд дууджээ. Өчигдрийн сонсголд түр хорооноос томилогдсон хоёр хянан шалгагч, зургаан шинжээч, хөндлөнгийн ажиглагчаар “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инновац”, “Цогц хөгжлийн үндэсний төв”, “Бодлогод залуусын хяналт” гэсэн төрийн бус дөрвөн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх болон Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар ирсэнбайв. Нийт 121 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлэхээс зургаатай нь холбоо барьж чадаагүй аж. Гэрчүүдээс 82 нь сонсголд оролцохоо мэдэгджээ. Мөн долоон гэрч өмгөөлөгч, төлөөлөгчийн хамт ирсэн байлаа.
Сонсголыг тус түр хорооны дарга Б.Энхбаяр удирдсанюм. Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагчаас гадна зөвхөн түр хорооны гишүүд асуулт тавьж болохыг тэрбээр сануулав. Мөн тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Ийм тохиолдолд даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн гэрч асуулт алгасах саналыг дарга лагчид гаргах эрхтэй аж. Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэх боломжтойг гишүүн Б.Энхбаяр хэлж байлаа. Цаашлаад түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, давтан лавлах эрхтэй гэнэ. Оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах хориотой.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн, эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу байсан уу гэдгийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг сонсгол даргалагч танилцуулаад, “Урьд нь ийм том шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан байсан бол өчигдөр (уржигдар) гурван саяд хүрснийг хэлсэн. Данс хөөх шалгалт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Шалгалтын дүнгээс үүдэн тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, гэрчүүдийг оролцуулж байгаа. Гэхдээ гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй. Тэд Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Сонсголын явцад өгсөн мэдээлэл нь шүүх хуралд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ” хэмээн сануулснаар сонсголыг эхлүүллээ.
Эхлээд хянан шалгагч, шинжээчид зээл нэг бүрийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, түр хорооны гишүүд тэдгээртэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авсан юм. “Бэрэн групп”-тэй холбоотой баримттай танилцсанаар эхэлсэн сонсголыг тоймлон хүргэж байна. Тус компанийн хувьд Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан бөгөөд эхлээд 2014 онд арматурын үйлдвэр барихад 22.7, 2018 онд хоёр дахь зээл болох 4.5 сая ам.доллар олгожээ. Гурав дахь зээл буюу 11.7 сая ам.долларыг 2017 онд орон сууцын барилга санхүүжүүлэх зорилгоор авсан байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийбайдлаар нийт 147.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа аж. Нийт олгосон санхүүжилтийн 4.4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан гэж шинжээч дүгнэжээ. Тодруулбал, 32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж, ямар зориулалтаар ашигласан нь тодорхой бус байгаа аж. Улмаар банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийжээ. Ингэхдээ “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох “Нэхээсгүй эдлэл”, “Атар өргөө”, “Бэрэн трейд” зэрэг компани руу зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.доллар зарцуулсан гэв. Мөн бэлэн мөнгөний 1.2, нийт 4.4 сая ам.долларын зарцуулалт нотлогдоогүй аж. Улмаар 7.2 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж дүгнэжээ.
Б.ЭНХБАЯР (Хянан шалгах түр хорооны дарга):-“Бэрэн групп” ХХК-ийг 100 хувь эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэсэн шинжээчийн дүгнэлттэй та санал нийлэх үү.
Б.МӨНХТӨР (“Бэрэн групп”-ийн захирал):-Миний картын зузаатгалд орж байгаа юм шиг боловч нөгөө талдаа төсөлд зарцуулж буй гэж ойлгож болно. Гангийн үйлдвэрийг аль болох хямдхан үнээр барихыг оролдож байгаа учраас зарим туслах эд ангийг захиалахдаа бэлнээр тооцоо хийдэг. ТЭЗҮ-ийн өртгийг хямдруулахын тулд гадаадын мэргэжлийн компаниудтай гэрээ хийхдээ тодорхой төлбөр бэлнээр тушаадаг. Илүү нарийн юм ярьж болохгүйг хажуунаас өмгөөлөгч маань анхааруулж байна. Ямартай ч зээ лийн бүх мөнгийг төсөлд зарцуулсан.
Б.ЭНХБАЯР: -Зузаатгал нэрээр таны хувийн дансанд орсон гүйлгээг төсөлд зарцуулсан гэлээ. Хувьцаа эзэмшигч дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх гүйлгээг дэлгэцэнд харуулъя. Үүнээс өмнө танаас асууя. Та мөрийтэй тоглоом тоглодог уу.
Б.МӨНХТӨР: -Тоглодоггүй.
Б.ЭНХБАЯР: -Таны дансанд орсон гүйлгээнээс Макаогийн чөлөөт бүсэд казиногийн АТМ-аас маш их зарлага бэлнээр гарсан учраас дээрх асуултыг тавилаа. 2018 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэх гүйлгээний баримтуудыг харуулж байна. Сингапурын казиногийн АТМ-аас ч бэлэн мөнгө авсан байна. Та тухайн үеийн сайд Т.Бадамжунайг таних уу.
Б.МӨНХТӨР: -Санал нийлэхгүй байна. Шүүх дээр баримтаар нотлох болно. Т.Бадамжунай бол Архангай аймгийн хүн, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож явсан нэгэн. Манай нутгийн улстөрч. Сингапурт тааралдаж байсан.
Б.ЭНХБАЯР: -“Бэрэн групп”-ийн дансны бэлэн мөнгөний гүйлгээг дэлгэцэнд харуулна уу. 50 мянган ам.доллароос авхуулаад 500 мянга хүртэлх бэлэн мөнгөний гүйлгээг, он, сар, өдрөөр нь харуулсан байна. Нийт 1.1 сая ам.долларыг бэлнээр гаргажээ. Яагаад ингэж бэлнээр гаргадаг, юунд зарцуулав, хэнд өгөв гэдгийг гэрч Энхмаа хэлнэ үү.
ЭНХМАА (“Бэрэн групп”-ийн нягтлан бодогч): -Гадаад харилцагч нар мөнгөө бэлнээр авах сонирхолтой байдаг. Мөнгөө Б.Мөнхтөр захиралд авчирч өгдөг.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн): -Сонсголд гэрчээр оролцох байсан ч ирээгүй хүмүүст хэлэхэд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ шүү. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас гадна сайд нар нь, Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс гээд олон гэрч дуудсан. Бондын зөвлөлийн нэгэн хуралдааны аудио бичлэг зэргээс дүгнэхэд Засгийн газар нь бизнесийн зээл өгч байгаа ч арилжааны банкууд шиг үнэлгээ, шинжилгээ хийх ёстой. Гэтэл Засгийн газар нь үүнийг орхигдуулж, “Тэрэнд өг, энэнд боль” гэж ажилласан байгаа юм. “Бэрэн групп”-д Хөгжлийн банкнаас 2014 онд зээл олгоход л Эрсдэлийн удирдлагын газраас “эрсдэлтэй” гэж дүгнэсэн байна. Яагаад зээл өгсөн юм бэ. Энэ тухайгаа ТУЗ-д танилцуулаагүй гэх мэдээлэл надад ирүүлсэн.
Н.АЛТАНХУЯГ (Ерөнхий сайд асан):-Засгийн газар дураараа дургидаггүй, залгамж халаатай ажилладаг. Популистууд худлаа ярихаа боль. Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын үед буюу 2010 оны зургадугаар сарын 25-нд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай 36 дугаар тогтоолыг УИХ баталсан. Манай Засгийн газар Ерөнхий сайд С.Батболд, С.Баярын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, 2012-2016 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Чингис” бондыг анхных гэж тодотгодог ч 2012 оны гуравдугаар сард Хөгжлийн банкаар дамжуулан босгосон 600 сая ам.долларын талаар, зарцуулалтыг нь хэн ч яагаад ярьдаггүй юм бэ. Та нар санах ч үгүй байгаа биз дээ. Ер нь сонгуулийн өмнө хүмүүст тараахын тулд “Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.дол ларыг 2011-2017 онд төлөх гэж баахан асуудал дагуул сан. Нүүрсний хулгай эндээс эхлэлтэй. “Чалко”-той байгуулсан энэ гэрээг цуцлах гэхэд 52 сая ам.долларын нэмэлт төлбөр нэхсэн шүү дээ.
Б.ШИНЭБААТАР (Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан):-ТУЗ-д холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн байх учиртай.
Б.ЦОЛМОН (Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн): -Зээлийн талаарх дүгнэлтийг тусад нь гаргадаг. Үндсэн материалыг ТУЗ-д хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө хүргүүлдэг.
Ц.МӨНХЦЭЦЭГ (УИХ-ын гишүүн): -“Бэрэн групп”-ийн 2014 оноос хойших зээл шаардлага хангахгүй, эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг 2018 онд гаргасаар байтал яагаад хугацааг нь сунгаж, санхүүжүүлсэн юм бэ. Мөн үүнтэй адил нөхцөл үүсчихээд байхад 2017 онд 11.6 сая ам.долларын зээл олгосон шалтгаанаа тайлбарлана уу.
Б.ДААЖАМБА (Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан): -ТУЗ-ийн есөн гишүүн орон тооны бус. Үйл ажиллагааны гол хэлбэр нь хурал. Хуралдахын тулд ирц бүрдүүлэх нь чухал асуудал байдаг. Журмаараа сард нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Хэлэлцэх асуудлын цар хүрээг ч ТУЗ-ийн дүрмээр тогтоодог. Хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг Ажлын албанаас гишүүдэд хүргэх ёстой. Аль нэгэн төслийг ямар хэмжээгээр санхүүжүүлэх вэ гэдгийг Засгийн газраас тогтоосны дагуу хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг харгалзан ТУЗ-ийн хуралдаанд “оруулсан” төслийн талаар хэлэлцэн, дэмжих, эсэхээ шийддэг.
Ч.МӨНХБАЯР (Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын асан):-“Бэрэн групп” төслөө 2001 оноос эхлүүлж, 2013, 2014 онд зээл авсан ч дуусгаж чадаагүй. Хөрөнгийн гачигдлын улмаас төслийнх нь ажил 2017 онд гацсан. Тиймээс эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлт тавьсан юм. Тухайн үед эргэлзээтэй, муу зээл гэсэн дүгнэлт гарч байсан.
Д.ГАНБАТ (УИХ-ын гишүүн): -“Бэрэн групп”-ийнхэн хэн, хэн гэдэг улстөрчидтэй хамтран ажилладаг вэ. Энд танилцуулсан шинжээ чийн дүгнэлтийг сайн болсон гэж үзэхгүй байна.
Б.МӨНХТӨР: -Гангийн үйлдвэр байгуулах нь Монгол Улсын хувьд стратегийн зорилт байх ёстой. Манай эл төслийг олон хүн бүтэлгүй, явцгүй гэж дүгнээд байгаа ч би хувьдаа дажгүй гэж үнэлдэг. Гангийн үйлдвэр байгуулах төсөлд шаардлагатай 22 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас жилийн 8-9 хувийн хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай авсан. Ам.доллароор авсан эл зээлийн хүүг бага гэж яриад байгаа ч энэ бол өндөр. Зээлээ хоёр дахь жилээс төлсөн. Ер нь бол 22 сая ам.доллароо Хөгжлийн банкнаас бүрэн аваагүй байхдаа зээлийн хүүгээ төлж эхэлсэн юм. Уг нь үйлдвэрээ ашиглалтад оруулж байж л зээлээ төлөх ёстой. Одоогоор бид зээлийн хүүгийн төлбөрт хоёр сая ам.доллар төлчихөөд байна. Улстөрчидтэй холбоотой юу гэсэн асуултад хариулахад Монгол Улс жижигхэн шүү дээ. Таньдаг, мэддэг улстөрчид бий. Гэхдээ би “Намайг дэмжээч” гэж улстөрчдөөс гуйж байгаагүй.
Ч.МӨНХБАЯР: -Өмнөх зээлийг богино хуга цаатай олгосон. Тиймээс зээлийн хугацааг сунгасан юм билээ. “Хангай” хотхоныг барих төс лийн бодит байдлыг үнэлээд Зээлийн хороо болон ТУЗ-д танилцуулсан. Гэхдээ зээл олгох, эсэх талаарх эцсийн шийдвэрийг манайхаас гадна өөр гурван газрын саналд үндэслэн гаргадаг. Тухайн шийдвэрийг гаргасан хүмүүс нь ямар итгэл үнэмшилтэй байсныг би мэдэхгүй.
Ж.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -Шинжээчээс асууя. Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагад шууд чиглэл өгсөн, дарамталсан зүйл тогтоогдсон уу. “Бэрэн групп”-ийнхэн авсан зээлийнхээ хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлээд байна.
ШИНЖЭЭЧ(Сонсголд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй, орон даяар шууд дамжуулсан бөгөөд шинжээчийн дүрсийг дэлгэцэнд гаргаагүй): -Даалгасан, эсвэл тулгасан гэсэн нотлох баримт хавтаст хэргүүдээс ол доогүй. Зээлийн зарцуулалтыг данс хөөх ар гаар шалгасан. Эндээс 2.7 сая ам.долларыг зориу лал тын бусаар зарцуулсныг тогтоогоод байна.
Б.ШИНЭБААТАР: -Засгийн газрын тогтоолын дагуу л ажилласан. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар шүү дээ.
Б.МӨНХТӨР: -Гангийн үйлдвэр барихад шаардлагатай нийт санхүүжилт нь 69 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл, гуравны нэгийг нь буюу 22 сая ам.долларыг нь Хөгжлийн банкнаас зээлсэн. Суурь дэд бүтэц болох гурван ч үйлдвэрийн төслийг бид өөрсдөө санхүүжүүлж, охин компаниудаасаа хөрөнгө татсан юм. Би яллагдагчаар татагдсан учраас олон юм ярьж болохгүй байна. Тулгаж асуугаад байх юм. Бид 150 тэрбум төгрөгөөр үйлдвэр босгочихоод байна шүү дээ.
Н.ГАНИБАЛ (УИХ-ын гишүүн): -Зээлийн санхүүжилтээ авсан данснаас өөр зүйлд шилжүүлсэн мөнгө болгоныг “буруу зарцуулсан” гэж үзэх юм уу. Мөн барилгын компани бүр заавал бэлнээр мөнгө гаргадаг юм уу. Тухайн үеийн Ерөнхий сайд төмөрлөгийн үйлдвэр барихаас өөр бүтээн байгуулалтын тогтоол гаргаж байсан юм уу. Шинжээч нь Т.Бадамжунай гэдэг нэр хэлчихлээ.
Б.ЭНХБАЯР: -Тийм нэр байхгүй. Би “Түүнийг таних уу” гэдэг асуултыг гэрчид тавьсан.
Н.АЛТАНХУЯГ: -Жишээ нь, Засгийн газраас тогтоол баталж, “Авто замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсүгэй” гэсэн бол мөнгийг нь хаанаас гаргах талаар заавал тодорхой заадаг. Бүх Засгийн газрын үед ийм л байсан. “Бэрэн групп”-д зээл өгөх, эсэхийг Хөгжлийн банк шийдсэн. Тиймээс мөнгийг нь тийм эх үүсвэрээс шийдвэрлэх талаар тогтоолд бичихгүй. Төслийнхөө нийт санхүүжилтийн гуравны нэгийг зээлсэн компаниар төлүүлж чаддаггүй, авч хүчирдэггүй баг гэж байдаг юм уу. Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжид өгсөн цөөхөн зээл бий шүү дээ. Нэг ч зээл төлөгдөхгүй байх учиргүй.
Э.БАТШУГАР (УИХ-ын гишүүн): -Хөгжлийн банкны удирдлагууд зээлүүддээ явцын шалгалт хийж байсан уу. Гангийн үйлдвэр барих нийт санхүүжилтийнхээ гуравныг нэгийг Хөгжлийн банкнаас зээлсэн “Бэрэн групп”-ийнхэн бас гуравны нэг хэсгийг нь Японы JBIC банкнаас босгоно гэж байсан юм байна. Энэ зээлээ авсан юм уу.
Б.МӨНХТӨР: -Бид хөрөнгө оруулагч хайж олон орноор явж, JBIC банкныхантай хэлэлцээрт ч орсон. Тэд “Марубени”-гаар дамжуулан тоног төхөөрөмж нийлүүлэх санал тавьсан нь үнэтэй байсан. Зөвхөн арматур цутгах тоног төхөөрөмж гэхэд л 40, хайлуулах эд анги нь 22 сая ам.долларт хүрсэн юм. Тиймээс бид татгалзаж, Хятадын нэр хүндтэй компанийг сонгосон.
Б.ШИНЭБААТАР: -ТУЗ шийдвэрээ гаргасан. Явцын шалгалтыг гүйцэтгэх удирдлагын багийнхан хийсэн гэж найдаж байна.
Д.БАТЛУТ (УИХ-ын гишүүн): -“Бэрэн групп”-тэй “Нэхээсгүй эдлэл”, “Атар өргөө” компани ямар хамааралтай вэ. Эдгээр компанийн данс руу гангийн үйлдвэр болон орон сууц барина гэж авсан зээлийнхээ санхүүжилтээс 5.7 сая ам.долларыг шилжүүлчихсэн байна. Манай группийн дотоод гүйлгээ учраас бидний асуудал гэх маягаар хариулаад байх шиг. Та бүхний энэ үйлдлийг зээлээ зориулалтын дагуу ашигласан гэж ойлгож болох юм уу.
Б.МӨНХТӨР: -Манай 13 охин компанийн зарим нь. Гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлэхээс өмнө эдгээр бизнес маань амжилттай байж, “Шилдэг татвар төлөгч” хүртэл болсон түүхтэй. Аль ч толгой компани охин компаниудтайгаа харилцдаг шүү дээ. Зөвхөн тэдгээр гүйлгээг нь шүүгээд, зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэж болохгүй. Тэгээд ч “Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан” гэсэн дүгнэлт гарчихсан. Гэхдээ яллагдагчийн хувиар энд хамаагүй ярьж болохгүй гэв.
Өчигдрийн 09.00 цагт эхэлсэн сонсгол 19.30 цаг хүртэл үргэлжилж, 10 компанитай холбоотой нотлох баримттай танилцсан юм. “Империал гоулд майнинг” компанитай холбоотой мэдээллий гөнөөдрийн сонсголын эхэнд шинжилнэ.