Фэйсбүүкийн “Boyko Bou” гэх хаягаар Ш.А гэгч өсвөр насны охид руу эрэгтэй хүний нүцгэн зураг явуулж, оронд нь охидын нүцгэн зургийг авч, улмаар өөрийн эрхшээлдээ оруулдаг байжээ.
Тодруулбал, охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлж авдаг. Удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлсэн аж.
Улмаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй О.Н-тэй бэлгийн харьцаанд орсон гэх мэт нийт 4 гэмт хэргийг Ш.А нь үйлдсэн болохыг тогтоожээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хариуцлагад татаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял оногдуулсан байна.
Энэ талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ салбарын сайдын хувьд цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай болох нь зөв гэдэг байр суурьтай байна. Та бүхэн маань юу гэж бодож байна. Нээлттэй саналаа бичээрэй” гэж цахим хуудсандаа нийтэлжээ.