Иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан иргэн М, Г, М гэх этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
Тодруулбал Монгол Улсын хэмжээнд үйлчилгээ эрхэлдэг зах худалдааны төв орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг иргэдийн гар утсыг “...Утсаараа нэг яриулаач, утсаа өгч байгаач, таны утаснаас мөнгөө шилжүүлчихье...” зэргээр худал хэлэн авч. Улмаар утсаа өгсөн иргэдийн гар утсанд тусгай программ суулгаж гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан аж.
Тусгай программыг ашиглан иргэдийн интернэт банканд хууль бусаар халдан нэвтэрч дансанд байгаа мөнгийг хулгайлах, хадгаламж барьцаалан зээл авах зэргээр. Иргэдэд нийт 350 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тус этгээдүүдийг Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн М, Г, М нь гар утас худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гар утсуудад тус программыг суулган худалдан борлуулж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж. Иймд шинээр гар утас худалдан авч байгаа тохиолдолд бүтэн шинэчлэл хийж, өмнөх мэдээллийг устгаж байж хэрэглэх, үл таних хүнд өөрийн гар утсаа өгч ашиглуулахгүй байх зэргээр өөрийн цахим аюулгүй байдлаа хангаж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.