Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Булган боомтод “Shaanxi” маркийн улаан өнгийн автомашин нэгдүгээр сарын 3-ны өдрийн 12:15 цагт шатаж байх үед нь хилийн манаа илрүүлэн, галыг унтраалаа. Тодруулбал, тус автомашин нь 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын талаас импортоор орж ирсэн бөгөөд иргэн Б.Г болон П.Х нар нэгдүгээр сарын 3-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийг нь хийж дуусжээ. Улмаар автомашиныг асаах зорилгоор гал тавьж байгаад алдсан байна. Булган боомтын хилчид галыг богино хугацаанд унтраах арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдэд учирч болох эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Мөн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хилчид Ховд аймгийн Алтай сумын нутгаар нэгдүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас 2 иргэн сураггүй болсон мэдээллийн дагуу харилцан ажиллагаатай байгууллага, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллан эсэн мэнд олж, ар гэрт нь мэдэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амь эрсдэхээс урьдчилан сэргийллээ.