Кит Ли зургаан настайгаасаа бөхийн болон тулааны спортоор хичээллэж эхэлсэн агаад UFC холбооны аварга болохыг мөрөөддөг байв. Гэвч амьдрал нь түүний хүссэнээр болсонгүй. Хоёрдугаар зэрэглэлийн төрөл бүрийн холбоо, промоушенд хэдэн жил харьяалагдсаны эцэст “Bellator” хэмээх нэр хүндтэй холбоонд тулалдах эрхтэй болсон ч боломжоо ашиглаж чадсангүй. Хоёр дараалж ялагдсанаар Кит тус холбооноос хасагдав. Гэтэл түүний мөрөөдлийн ажил нь хүн зодох биш байсан аж.
“Bellator” холбооноос гарсны дараа Кит сэтгэл гутралд орж, амьдрал нь утгагүй болсон мэт санагдах болжээ. “Хэнд ч хэрэггүй, хаягдсан мэт санагдаж эхэлсэн. Гэхдээ надаас хэн ч булааж чадахгүй зүйлийг бий болгоно гэж өөртөө амласан. Тэр нь би өөрөө байсан юм. Намайг хэн ч надаас булааж чадахгүй шүү дээ” гэж Ли “MMA fighting” сэтгүүлд саяхан ярьжээ.
Ийнхүү өөрийгөө бүтээхээр шийдсэн Ли нэг жил гаруйн дотор хэн ч үл таних холимог тулаанчаас дэлхийд алдартай хоол шүүмжлэгчдийн нэг болж хувирав. “TikTok” дахьтүүний хаяг долоон сая дагагчтай бөгөөд фэнүүдэд нь Ли октагонд юу хийсэн нь бус, харин төрөл бүрийн хоолонд ямар үнэлгээ өгөх нь л сонин байдаг гэнэ. Энэ бүхэн эхнэр нь жирэмсэн болж, хамтдаа хөгжилтэй байхын тулд бүхий л зүйлийн талаар бичлэг хийхээр шийдсэн мөчөөс эхэлжээ.
Ажилгүй болоод стресс ихтэй байсан Китэд энэ хобби нь тун зугаатай санагджээ. Багаасаа ичимхий, хүмүүстэй сайн харилцаж чаддаггүй байсан Ли октагонд сэтгүүлчдэд олигтой ярилцлага ч өгч чадахгүй гэдгээ ойлгосон учир камерын өмнө гарч, бусадтай харилцаж сурахаар шийдсэн байна. Анхандаа бичлэгээ хүмүүст үзүүлэхгүй гэж төлөвлөсөн ч байдал өөрөөр эргэжээ. “Эхэндээхоёр минутын бичлэг хийх гэж хоёр цаг болдог байсан. Камер харахаар л хамаг бие хөлөрчихнө. Шууд нэвтрүүлэг биш, зөвхөн өөртөө л зориулсан бичлэг шүү дээ. Үнэхээр паникт ордог байсан. Гэхдээ удалгүй тайвширч, инээмсэглэж, өөртөө итгэлтэй бичлэг хийж сурсан. Энэ маань ч хүмүүст таалагдсан байх” гэж Кит ярьжээ.
Тэрбээр хоолны нэгэн шоу нэвтрүүлэгт санамсаргүй уригдсаныхаа дараа ийм ажил хийх хүсэлтэйгээ ойлгосон аж. Ингээдтөрөл бүрийн хоол, орцыг нь 1-10 оноогоор үнэлсэн богино бичлэг хийж эхэлсэн байна. Ямар нэгэн тусгай эффект, шинэ технологи, жүжиглэлт байхгүй. Мөн тухайн хоолны орцод орсон бүтээгдэхүүний үнийг хэлдэг нь үзэгчдэд таалагддаг гэнэ.
Олон сая дагагчтай болж, хоолны салбарт алдаршиж, түүнээр магтуулсан зоогийн газрын үнэлгээ, үйлчлүүлэгчдийн тоо эрс өсдөг болсон учир Кит санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн аж. Тун удахгүй тэрбээр хүнсний томоохон компанийн нүүр царай болж, АНУ-ын супермаркетуудад түүний брэндийн бараагхудалдана.
Энэ бүхний хажуугаар Кит спортоо орхилгүй, өдөр бүр дасгал сургуулилалтаа хийсээр байна. Тэрбээр холимог тулааны спортод хайртай учраас дахин мэргэжлийн тамирчин болох мөрөөдлөө орхиогүй яваа. Тийм ч учраас 2023 онд багадаа нэг, болбол хоёр тулааныг мэргэжлийн түвшинд хийхээр Кит төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар