Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрхийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.
Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийн асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн жагсаал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга П.Оростогоотой үүсээд буй жагсаал, цуглааны үеэр иргэд, алба хаагчдын эрхийг хангаж ажиллах талаар уулзаж, зөвлөлдлөө.
Уулзалтаар жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааг сайшааж, цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнд нэн хүндэтгэлтэй хандаж, хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хандахгүй байхад анхаарч ажиллахыг уриаллаа.
Мөн жагсаал, цуглаан цаашид олон хоног үргэлжилбэл алба хаагчдын үүрэг гүйцэтгэх ээлжийг оновчтой зохион байгуулж, ялангуяа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж оролцогч болох мөрдөгчдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, бололцоог хангахад анхаарч, цаг агаарын болон бусад нөхцөл байдалтай уялдуулж дулаан хувцас, бусад шаардлагатай зүйлээр даруй хангах, ажил, амралтын цагийг зөв зохицуулж, алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахыг зөвлөлөө.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо: Жагсаал, цуглаанд оролцогчдыг гэмт халдлагаас хамгаалж, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийг хангаж ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа ХЭҮК-ын удирдлага, гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, нэгжийн дарга, хамт олонд ЦЕГ-ын даргын зөвлөлийг төлөөлж талархаж байгаагаа илэрхийлж, ХЭҮК-ын жагсаал, цуглаантай холбогдуулж ирүүлсэн зөвлөмжийг биелүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ.