Нүүрсний хэргийг шалгаж буй мөрдөгчдөд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ээлжит мэдээллээ хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн 24 цагт жагсагчидтай уулзаж мэдээлэл өгсөн. Жагсагчид 3 шаардлага тавьсан. Нэгдүгээрт, нүүрсний хулгайч нараа зарла. Хоёрдугаарт, хулгайч нарт 15 жилийн ял оноож, хөрөнгийг нь улсын орлого болго. Гуравдугаарт, ковидын үеийн хөрөнгө зарцуулалтаа ил болго гэсэн. Шадарсайд С.Амарсайханд ковидын төсөвийг ил болго хэмээн даалгавар өгсөн. Ирэх долоо хоногт ил болгож, төсвийн задаргааг танилцуулна. Эхний хоёр шаардлагын тухайд заавал шалгаж байж, нэрс зарлана. Харин 15 жилийн ял оноо гэдгийг ойлгохгүй байна. Ял нь үйлдсэн хэрэгтээ тохирсон байх ёстой. Асуудлыг туйлшруулж болохгүй” хэмээлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Эл хуулиар ял наймаалцах, хэргээ хялбаршуулсан журмаар шийдэх асуудлыг хасна. Эл хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх. Яаралтай хэлэлцэх шаардлагатай хэмээх мэдээллийг өглөө.