Нүүрсний хулгайг мөрдөх мөрдөгчдөд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр ажлын хэсгийн эхний хурлаар ярилцсан мэдээлэл, хяналтын шалгалтын явцын талаар мэдээлэл өгөв.
Шалгалт-1
2010-аас 2011 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд хяналт шалгалт явуулахад 379,000 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт олдоогүй. Энэ нь ЭТТ дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе.
Шалгалт-2
УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалтыг хийхэд 2013-2017 онд 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэдэг мэдээлэл олдсон. Л.Энхболдын мэдээлж байгаагаар 268,000 тонн нүүрс улсад татвар, хураамж төлөгдөлгүйгээр хил давсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.
Шалгалт-3
2022 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүд, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгаж шалгалтыг хийсэн. Энэ мэдээллээр ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байгаа. Ингэхдээ мэдээлэл нь Монгол Улсын статистикийн болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөржээ.
Улмаар сайд Х.Нямбаатар “Зөвхөн Хятадад манай нүүрс шингэдэггүй, цаашаа далайн чинадад бусад улс орнууд руу экспорлодог. Би үүнийг саяхнаас ойлгож, авлаа. Эдгээр орнуудаас ирүүлсэн мэдээлэл манайхтай зөрдөг юм байна. Гашуунсухайт боомтоор Тавантолгойн бүлэг ордын ихэнх нүүрсийг экспортолдог ч цаашлаад Ханги Мандал, Замын-Үүд, зарим тохиолдолд Сүхбаатар боомтоор нүүрс гаргадаг гэх мэдээллийг авлаа. Дээр нь Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг боомтуудаар Мон-Эко болон бусад компаниудын гаалийн мэдээлэл зөрсөн. Шивээ хүрэнтэй холбоотой мэдээллийг мөн шалгана. Эдгээрийн гэрээнүүдийг шалгахын тулд болгоомжтой ажиллана” гэлээ.