Нүүрсний хулгайн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ажлын хэсгээс өдөр бүр мэдээлэл хийхээр болсон. Энэ дагуу тус ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Иргэд олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж буйг хэлмээр байна. Харамсалтай нэг мэдээлэл байгаа нь төв талбайд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж, иргэдийн амьдралыг сайжруулах төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан хүн дийлэнх байхад захиалгатай улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьсон, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс ч байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д сүүлийн жилүүдэд Монголын оюутны холбоо (МОХ)-ны үе үеийн удирдлага бүхий л удирдах албан тушаалыг хашиж ажилласан.
Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, н.Энхтүвшин, МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан мөн оюутны холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан. Баг бүрдэж ажилласныг үгүйсгэхгүй.
Тэгвэл өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн Оюутны холбоо, их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байгаа" хэмээв.