Онлайнаар бараа, бүтээгдэхүүн зарж, орлого, ашиг олох иргэдийн тооолширсон. Лангуу, дэлгүүрийн түрээс төлөхгүй, гараас гарт үйлчилгээ үзүүлэх амар ч байдаг биз. Харин онлайн дэлгүүрүүд төлбөрийн баримт огт өгөхгүй үйл ажиллагаа явуулж буй тухай хөндье. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн М.Алтанцэцэг “Өөрийн фэйсбүүк хуудсаар гэр ахуй, цахилгаан бараа борлуулдаг нэгэн бүсгүйн байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Сонгосон бараагаа хүргүүлж, эсвэл өөрсдөө “Наадам центр”-ийн ойролцоох байрнаас очиж авч болдог. Өнгөрсөн сард би БНСУ-аас оруулж ирсэн сав, аяга тавагны иж бүрдлийг 1.2 сая, гэр цэвэрлэгээний ууран аппаратыг 450 000 төгрөгөөр худалдан авсан. Өмнө нь чөдий төдий зүйл худалдан авчбайсан. Гэсэнч нэг чудаа төлбөрийн баримт авч үзээгүй. Хувь хүн төлбөрийн баримт өгөх ёстой гэж мэдэх ч үгүй” хэмээн ярилаа. Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Мөнхчимэг “Хэрэглэгчдэд багагүй танигдсан онлайн дэлгүүрээс саяхан булган шуба 3.2 сая, өвлийн гутал 800 000 төгрөгөөр худалдан авсан. Чанартай, сэтгэлд нийцсэн загвар санал болгодог учраас өмнө нь гоёл чимэглэлийн зүйл, нүдний шил зэргийг авч байсан. Гэхдээ нэг чудаа төлбөрийн баримт авч үзээгүй. Барааны урьдчилгаа 50 хувийг төлж захиалаад, авахдаа үлдсэнийг нь өгдөг” гэв.
Баянгол дүүргийн XVIII хороонд байрлалтай нэгэн томоохон дэлгүүрийнхэн бараа, бүтээгдэхүүнээ онлайнаар танилцуулж, тодорхой үнийн дүнгээс дээш хэмжээгээр худалдан авбал хүргэж өгч үйлчилдэг. Мөн онлайнаар захиалсан бараагаа дэлгүүрээс нь очиж авч болдог аж. Тэгвэл хүргэж өгсөн бараандаа ч, дэлгүүрт зарж буй зүйлдээ ч төлбөрийн баримт өгдөггүй юм байна. Яагаад баримт өгдөггүйг нь асуухад худалдагч нь “Бүх барааг хямдралтай үнээр борлуулж буй учраас төлбөрийн баримт олгохгүй. Манайх бөөний төв” гэлээ.
Бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, иргэн бүр худалдан авагчдаа төлбөрийн баримт олгоно хэмээн 2016 оноос хойш мөрдөж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгасан. Энэ нь далд эдийн засгийг ил болгох, татварын баазсуурийг өргөжүүлэх, бүртгэлжүүлэх зэрэг ач холбогдолтой гэдэг. Тухайн үед буюу 2016 онд зах зээлдэх мөнгөний 30 хувийг хянах боломжгүй, далд эдийн засгийн хүрээнд эргэлдэж буй гэж чонцолж байсан. 2016 онд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж эхлүүлэхэд төлбөрийн баримтын цахим системийг хэрэглэгчийн тоо 595 000 орчим байсан бол өнгөрсөн жилийн байдлаар эл тоо гурав дахин өссөн нь сайшаалтай. Гэсэн чиргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчид и-баримт авах, өгөх үүрэг, ач холбогдлыг төдийлөн ойлгоогүй хэвээр байгаа юм. Тодруулбал, онлайн дэлгүүрүүдээс гадна томоохон зах, худалдааны төвийнхөн и-баримт олгодоггүй. Энэ тухай Баянзүрх дүүргийн иргэн Ч.Төмөрсүх “Манайх хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд үйлчлүүлэгчдэдээ и-баримт олгож хэвшсэн. Гэтэл бөөнөөр бараагаа татан авдаг “Хүчит шонхор”, “Нарантуул”, “Бөмбөгөр” худалдааны төвийнхөн, урд хөрш, Туркээс онлайнаар захиалга авч, бараа нийлүүлдэг иргэд бидэнд төлбөрийн баримт өгдөггүй. Иргэд авсан барааных нь үнийн дүнгийн 10 хувийг хасаж өгөөч, тэгвэл и-баримт авахгүй байя гэх нь олширсон” гэсэн юм.
Мөн автомашин борлуулагчид, гоо сайхны зарим салон, үнэт эдлэлийн наймаачид, оёдол эсгүүрийн цех гээд дурдаад байвал төлбөрийн баримт олгодоггүй этгээд олон бий. Татварын ерөнхий газраас ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчид, иргэдэд мэдээлэл өгөхдөө хойрго ажилласаар байна. Учир нь иргэдийн олонх нь и-баримт бол тухайн худалдан авалтын үнэд 10 хувьтай нь тэнцэхүйц дүн нэмж шингээсний нотолгоо гэж бодсоор. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн М.Отгонтөгс “Өнгөрсөн есдүгээр сард би “Да хүрээ” захаас 62 сая төгрөгөөр автомашин худалдан авсан. И-баримт өгөх, эсэхийг асуухад буцаан олголтынх нь хоёр хувийг хассан дүн санал болгосон. III, IV хорооллын замын хоёр талаар олон дэлгүүр, худалдааны төв байдаг. Эдгээрийн дунд төлбөрийн баримт өгдөггүй нь өгч буйгаасаа олон бий. Түүнчлэн и-баримт авъя гэвэл нэрлэсэн үнэ дээрээ 10 хувь нэмж олгох нь ч цөөнгүй. Дөрвөн давхар дэлгүүрийн нэг ч лангуу төлбөрийн баримт өгдөггүй гээд бод. Хэн ч 100 000 төгрөгөөр худалдан авчболох зүйлийг төлбөрийн баримттайгаар 110 000-аар авахыг хүсэхгүй” хэмээн ярив. М.Отгонтөгсийн яриа бол бодит үнэн. Бараа, үйлчилгээ борлуулагч бүр и-баримт олгох үүрэгтэй. Бид томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавин, төлбөрийн баримт олголтыг идэвхжүүлж буй хэмээн Татварын ерөнхий газрынхан ярьсаар цөөнгүй жил болсон. Гэтэл иргэд, худалдаачид тохиролцон и-баримтын буцаан олголтын хоёр хувийг үнийн дүнгээс хасах, эсвэл барааны нэрлэсэн дүн дээр 10 хувийг нэмсэн үнээр и-баримт санал болгох нь хавтгайрсан. Иргэд ч татварын талаарх мэдлэг нимгэн, дарамт шахалт, хүсээгүй төлбөр мэтээр хандсан хэвээр. Энэ нь ТЕГ-ын үйл ажиллагаа хэр байгаатай шууд холбоотой. Онлайн дэлгүүрүүдээс хэрхэн төлбөрийн баримт авах, баримт өгөөгүй тохиолдолд хаана хандах, ямар арга хэмжээ авхуулах талаар ТЕГ-аас тодруулахад дорвитой хариулт ч өгсөнгүй. Тус газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтуул “Онлайнаар бараа, бүтээгдэхүүн зарж буй иргэн бүрийг хянах, тэд төлбөрийн баримт өгч байгаа, эсэхийг мэдэх боломж хомс. Улс, нийслэлийн хэмжээнд хэдэн иргэн, хуулийн этгээд онлайн дэлгүүр ажиллуулж байгаа тухай тоо алга. Ер нь и-баримтын системийг хэрэглэгчийн тоожил ирэх бүрт өсөж, зах, худалдааны төвүүдийг төлбөрийн баримт олгуулах, иргэд QR код уншуулах боломж бүрдүүлсээр байгаа” гэсэн юм.