Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн сард хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахдаа амьжиргааны түвшин доогуур өрхүүдээ “Улны айл” нэрийдээд албаа өгсөн билээ. Эл үйл явдлын дараа тус яамны дэд сайд С.Зулпхар тухайн үед “Улны айл" гэдэг үгийг манай яам ашиглаж байсан, эсэхийг тогтоохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулсан. Би энэ үгийг хэрэглэдэг талаар хэвлэлээс мэдсэн” хэмээсэн. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилсон ажлын хэсэг албан ёсны дүгнэлтээ гаргасныг дэд сайд С.Зулпхар хэлэв. Тодорхой хэлбэл, тэрбээр “Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилсон ажлын хэсэг манай яаманд хяналт шалгалт хийж, албан ёсны дүгнэлтээ гаргасан. Манай яам дээр тухайн дүгнэлт ирсэн. Товчхондоо “Улны айл” гэх үг хэллэгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам албан ёсоор хэрэглэдэггүй” гэсэн дүгнэлт гарсан" гэв.
Харин сайд асан Д.Сарангэрэл нүүр номдоо “Би 2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн” хэмээн бичиж, баримтыг нь гаргаж тавьсан удаатай.