Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн олон талт оролцоонд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримталж буй. Энэ хүрээнд өнөөдөр (2022.11.28) “Эх орондоо хөдөлмөрлөх боломж -2022” хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр салбарын төлөөллүүдийг урьж, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ ажил хайгч иргэдэд тулгамдаж буй асуудлыг нь сонссон юм. Хөдөлмөрийн өдөрлөгт 30 гаруй ажил олгогч байгууллага, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар хэлтсийнхэн оролцсон. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар И Пи Эс төвийн төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2004 оноос хойш манай 36 000 иргэн Солонгост дадлагажиж, ажил хөдөлмөр эрхэлжээ. Эдгээр дадлагажигчдыг эх орондоо ирэхэд нь хүлээн авч, ажиллаж байсан мэргэжлийнх нь дагуу үнэмлэх олгох, эсвэл ЖДҮ-ийн зээлд хамруулах зэргээр дэмжих аж.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл энэ талаар “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2004 оноос хойш Солонгос руу жил бүр ажилтан гаргаж буй. Өнөөдрийн байдлаар 4000 иргэн албан ёсны гэрээгээр ажиллаж байна. Гадаадад ажиллаад ур чадвар эзэмшээд ирсэн залуусаа ажлын байранд уръя. Монголд ажиллах боломж бололцоогоор хангая. Ур чадварыг нь үнэлж мэргэжлийн үнэмлэх олгож, баталгаажуулъя гээд “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ дагуу БНСУ-д ажиллаж байгаад ирсэн 1200 иргэнийг эл өдөрлөгт урьсан. Тэдэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулна. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга энд ирсэн байна. Залуус маань уулзаж зөвлөгөө, мэдээлэл авч болно. Үүнээс гадна Монголдоо ажил хайж буй залуустаа ажлын байрны зөвлөгөө мэдээлэл өгнө. Зарласан ажлын байраа танилцуулна” хэмээв. Тэрбээр мөн хөдөлмөрийн яармагт ирсэн иргэдэд “eJob платформ”-ыг танилцууллаа. Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob” платформыг улсын хэмжээнд нэвтрүүлжээ. Эл систем нь дэвшилтэт технологид суурилсан онлайн портал, мобайл аппликэйшн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн ажиллах хэсэг бүхий 3 дэд систем, 13 модулиас бүрдэж буй. Эхний ээлжид системийн хамгийн гол, үндсэн дэд систем болох “ажил зуучлалын онлайн портал”-ыг нээсэн гэнэ.
Үүнээс гадна гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн жишгийнхээ талаарх туршлагаа хуваалцсан.