Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөл БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөлтэй 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд талуудын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа дээд болон бусад түвшний ажлын айлчлал хийх, тодорхой асуудлуудын хүрээнд ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага судлах, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн үр дүнд тулгуурлан ном, товхимол гаргах, хил орчмын прокурорын газрын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талын арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцаж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
Мөн талууд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.