Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг аймгийн Засаг даргын 2022 оны "Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох тухай" 379 дүгээр захирамжаар байгуулсан. Тус комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар арваннэгдүгээр сарын турш ажиллах гэнэ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төлөөлөл, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас “Би энд би констракшн" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
Тус төвийн барилга ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болох юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд 7000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг бол 512 нь хүүхэд юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.