Улс, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 12 асрамжийн газарт нийт 240 гаруй албан хаагч ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудыг чадавхжуулах сургалт” зохион байгуулжээ.
Сургалтад Ахмад настны үндэсний төв, Увс, Ховд, Баян-өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор аймгийн асрамжийн газрын ажилтнууд болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай Ачлалт хүүхдүүд ТББ, Батгэрэлт ирээдүй ТТБ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газар , “MС” Тереза эх Ахмад настны асрамжийн газрын нийт 38 ажилтан оролцов.
Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст цар тахал (Ковид-19)-ын хүнд нөхцөл байдлын үед асрамжийн газрын ажилтнуудынхаа зүтгэл, чармайлтаар ахмадуудаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдэл багатай давж гарсанд талархаж байна. Зорилтот бүлгийн иргэдэд асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлж байгаа ажилтнуудын ажлын хариуцлага, хандлагыг сайжруулах, мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, сургалтад тогтмол хамруулахад анхаарна” гэж хэлэв.
Сургалтыг дараах агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав.
• “Төрийн албан хаагчийн шударга зарчимч байдлыг нэмэгдүүлэх нь”,
• “Хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”,
• “Ахмад настантай харилцах харилцааны онцлог. Насны доройтлын тухай”,
• ”Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага”,
• ”Дохионы хэлний харилцааны анхан шатны сургалт” сэдвээр хүрээнд онолын мэдлэг олгов.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламж, сэргээн засах төвийн сургалтын байранд Геронтологийн үндэсний төвөөс “Асаргаа, сувилгааны сургалт”-ыг эмч хийж хэвтрийн болон харвалттай, бие даах чадваргүй ахмад настнуудад хэрхэн асаргаа сувилгаа, тусламж үзүүлэх дадлагыг заалаа.
Сургалтын дараа Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа асрамжийн газарт үр бүтээлтэй ажиллаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч энэрэн хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж байгаа зарим ажилтнуудад шагнал гардууллаа.