Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нар Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн суурин төлөөлөгч Стивен Кент, зөвлөх Сара Вуудкок, зохицуулагч С.Одончимэг, олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул нарыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл манай улсад амжилттай хэрэгжиж байгааг онцлоод уг төслийн 2023-2028 оны хооронд хэрэгжих II дугаар үе шатанд хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлэв.
Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн орчинг шинэчлэх, шүүгчийг энэ чиглэлээр дагнан мэргэшүүлэх зайлшгүй шаардлагатай гээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой санал хэллээ.
Суурин төлөөлөгч Стивен Кент төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын шүүх засаглалтай нягт хамтран ажиллаж, шүүгчдийг сургах, чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.
Талууд мөн Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Монгол Улсад дагнасан шүүх байгуулах боломж, тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан санал солилцсон юм.