Зүүн Азийн есөн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооны ерөнхийлөгч нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ.