Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Мишээл экспо” төвийн “Street food” хоолны газарт өчигдөр өглөө 06.30 цагийн үед гал гарч, аж ахуйн нэгж, иргэдэд багагүй хэмжээний хохирол учирлаа. Онцгой байдлын байгууллагад дуудлага ирсний дагуу тус дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход эл хоолны газрын дээврийн хэсэг галд өртөөд байсан аж. Энэ талаар ОБЕГ-аас өгсөн албан ёсны мэдээлэлд “Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Street food” хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан. Алба хаагчид 06.53 цагт тархалтыг зогсоож, 07.20 цагт галын бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна” хэмээсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр тухайн объектод гал гарахад гаднын ямар нэг нөлөө байгаагүй, хэн нэгний санаатай тавьсан үйлдэл бишгэдэг нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож буй гэнэ. Түймэр хуушуурын гуанз орчмоос эхэлж гарсан бөгөөд тэнд цахилгааны богино холболт үүссэн байж болзошгүй нь хяналтын камерт бичигдэж үлдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар онцгой байдлын байгууллагынхнаас лавлахад “Шинжээчийн дүгнэлт гараагүй болохоор чухам юунаас болж гал гарсныг хэлэх боломжгүй. Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий, цахилгааны богино холболт гээд гал гарч болзошгүй зүйл олон шүү дээ. Хэдий хэмжээний хохирол иргэд, аж ахуйн нэгжид учирсныг ч тогтоож чадаагүй байна” хэмээлээ.