“Улны айл” гэх нэр томьёог хэрэглэсэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэлийг суудлаас нь буулгахад хүргэснийг уншигчид санаж байгаа. Ард түмнээ ялгаварлан гадуурхсан хэмээн олон нийтийн сүлжээ, цахим орчинд шуугьж байгаад түүний “давхар дээл”-ийг тайлуулчихсан билээ. ХНХЯ-ныхны дунд жирийн мэт яригдах “Улны айл” гэх нэршил чухам хэдийнээс эл яаманд ажилладаг төрийн дунд шатны албан хаагчдын дунд түгсэн бэ. Ард түмнээ “улны айл” хэмээн алагчилдаг ХНХЯ-ны мэргэжилтнүүд хэдийд бий болсон юм бол. Уг нэр томьёог олон нийтэд хүргэснээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл буруутан болж хоцорсноос биш, иргэдээ ялгаварлан гадуурхсан үг хэллэг өнөөг хүртэл ашиглаж байсан ХНХЯ-ны эрх мэдэлтнүүд нь ус балгасан мэт дуугүй суусаар байгаа билээ. Тус яамны сайдын суудалд санаатай байсан намын нөхөд нь олон нийтийн сүлжээ, пи ар багаараа “сэвүүлж” богино настай сайдаар тодруулснаас биш, айл өрхийг амьжиргаагаар нь ялгаварласан дунд шатны түшмэдээс хэн нь ч хариуцлага хүлээгээгүй гэдэгт итгэлтэй байна.
ХНХЯ-НЫХАН АРД ТҮМНЭЭ ЯЛГАРВАРЛАН ГАДУУРХАЖ ДҮГНЭДЭГ ЮМ БИШ ҮҮ
Уг нь “Улны айл” гэх нэр томьёог олон жилийн өмнөөс ХНХЯ-ныхан хэрэглэж ирсэнюм билээ. Аливаа зүйлийн үнэн мөн, цаад учрыг ухах дургүй, фэйсбүүк, твиттерт олон хандалт авснаар ажил, амьдралын нарийн чухал асуудлыг шийддэг өнөөгийн албан тушаалтнууд иргэдээ ялгаварласан дээрх үгийг хэдийнээс ашигладаг, хүний эрхийн наад захын мэдрэмж, мэдлэггүй ХНХЯ-ны ямар албан тушаалтан үйл ажиллагаандаа ашиглах болсныг нарийн тогтоохыг чухалчилдаггүй нь эмгэнэлтэй.
ХНХЯ-ныхны үг хэллэг, судалгаа, бичиг баримтад “Улны айл” гэх нэршил хэдийнээс орж ирсэн талаар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл аравдугаар сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийхдээ “Улны айл” гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан, та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Ул гэдэг үг хэрэглэдэггүй гэж дэд сайд ярьж байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг” хэмээн мэдээлсэн юм даг.
“Улны айл” гэх нэршлийг 2008 оноос буюу тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэсэн нэртэй, салбарын сайдаар нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан Т.Ганди нар ажиллаж байх үед хэрэглэж хэвшсэн аж. Одоогоос 15 жилийн өмнөөс уг нэр томьёог ашиглаж байсан талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн хуудсандаа “2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь “Улны айл” гэж яам нь, Статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэтээр янз бүрээр хэлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон, бас ойлгосон хүн үгүй. Дотроо хэрэглэдэг, бүр цаасан дээр буулгаж, ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруутсан. Сэтгүүлч хүн, тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй” хэмээн бичсэн байв.
2008 оноос хойш 15 жил “Улны айл” гэх нэршлийг ашиглаж байсныг батлах өөр баримт ч бий аж. 10-аад жилийн өмнө дөө, айл өрхийн орлогыг тооцох, хүнсний талон тараах гээд судалгаа авч байсныг зарим уншигч мартаагүй байх. Тэр үед айл өрхийн гишүүдээс “Хөргөгчтэй юү, угаалгын машинтай юу” гэж асуугаад эдгээр ахуйн хэрэгсэлтэй бол зорилтот бүлгээс дээгүүр орлоготой гэж тооцож, хүүхдийн мөнгө олгохгүй хэмээнхасаж байсан билээ. Тэр үед л өнөөх “улны айл”-уудад хөргөгч, угаалгын машин байх ёсгүй гэж ХНХЯ-ны мэргэжилтнүүд нь тооцож байсан бололтой. Тиймдээ ч хөргөгч, угаалгын машин, зурагттай айлын хүүхдэд төрөөс тэтгэмж олгохгүй гэж байсан биз. Тэр үед “Нөхөр нь дунд боловсролтой, эхнэр нь дээд боловсрол эзэмшсэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн гурван хүүхэд нь сургуульд сурдаг, хөргөгч, зурагт, угаалгын машин, будаа агшаагч, шарах шүүгээ зэрэг цахилгаан хэрэгсэлтэй, хашааныхаа газрыг эзэмшдэг айлын амьжиргааны түвшний үнэлгээ 12 000-аас дээш оноотой” гэж дүгнэж байсан юм билээ. Энэ оноонд хүрсэн бол хүүхдэд нь төрөөс мөнгө олгохгүй гэж байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс өөр баримт ч цөөнгүй бий аж. Тухайлбал, 2013 оны аравдугаар сард “Орлогыг орлуулан тооцох загварын үнэлгээ” (Зөвлөх үйлчилгээний үр дүнгийн тайлан) гэсэн баримт бичгийг ХНХЯ-ныхан боловсруулсан байна. Гадаадын зөвлөхүүдийн хийсэн анализ, тайланд үндэслэн бичсэн уг баримт бичигт “Улны” гэх нэр томьёог ашигласан байгаа юм. Уг үнэлгээний “Загварын нийт гүйцэтгэл” хэмээх хэсэгт “Хэрвээ зорилтот бүлгийн босгыг “Улны” 10 хувь гэж үзвэл 2007-2008 оны байдлаар орлогыг орлуулан тооцох арга зүйн загвар (ООТАЗ) нь бодит хэрэглээний түвшингээр эрэмбэлсэн өрхүүдийн доод 10 хувьд байгаа өрхүүдийн зөвхөн 56.9 хувийг л зорилтот бүлэг гэж илрүүлэх боломжтой байна гэсэн үг юм” хэмээн бичжээ. Мөн “Хүнсний талон хөтөлбөрийн зорилтот өрхүүдээр “Улны” таван хувийг авсан нь уг босгоос дээгүүр байгаа өрхүүд болон 10, 15 хувийн босгоос доогуур байгаа өрхүүдэд нийгмийн тусламж, дэмжлэг шаардлагагүй гэсэн үг биш юм” гэж дүгнэсэн байв. Бас “2012 оны байдлаар зорилтот бүлгийн босгыг “Улны” 20 хувь гэж үзвэл ООТАЗ нь бодит хэрэглээний түвшнээр эрэмбэлсэн өрхүүдийн 20 хувьд байгаа өрхүүдийн зөвхөн 49.2 хувийг л зорилтот бүлэг гэж илрүүлэх боломжтой байна” гэжээ. Энэ мэтээр ХНХЯ-ны дунд шатны албан хаагчид нь ард иргэдээ “Улны” гэх мэтээр ялгаварлан Үндсэн хууль зөрчиж байх юм. Найруулга нь тун болхи эдгээр өгүүлбэрийг ойлгоход ч бэрх. Яамны мэргэжилтнүүд нь, халамжийн байгууллагынхан нь “Улны айл” гэдэг нэр томьёог 15 жилийн өмнө гаргаж хэрэглэж ирснээ хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрч буй. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тус салбарыг хариуцсан сайд болоод ядууралтай тэмцэх эхний алхмуудыг зарлахдаа уг нэр томьёог мэргэжилтнүүд нь хэлсний дагуу хэвлэлийн бага хурлын үеэр дамжуулснаараа хариуцлага хүлээсэн.
“Улны айл” гэх нэр томьёогоо тус яамныхан өөрчлөхийн сацуу ядуу гэж дүгнэж болох эл ангилалд багтаасан айл өрхөө ядуурлаас гаргах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх ёстой санагдана. ХНХ-ын сайд болмогцоо УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ядуурлыг огцом бууруулна” гэж мэдэгдсэн. Энэ нь мэдээж шинэ сайд хариуцсан салбарынхаа хамгийн гол асуудлыг барьж авчээ гэж ойлгогдохоор байгаа юм. Хэдхэн хоног тамга барьсан ч гэсэн ядууралтай тэмцэхийн тулд үр дүнтэй байж болох ажил санаачилсан өмнөх сайдынхаа эхлүүлснийг “Шударга тав”-ын нэг гэгдэх Т.Аюурсайхан үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж ядууралтай тэмцэхээр болж байна. Ард иргэдийн амьдрал дордож ядуурлыг мэдээгүй мэт үл тоож байсан төрийн албаны доог тохуурхалд төгсгөл хэзээ тавихыг харах л үлдлээ.
Манай улс ядууралтай тэмцэнэ гэж 30 жил хоосон лоозогнож үр дүнд хүрээгүй, бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо чнэрлэгдэж байгаа шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө эрх баригч намынхан “Түмнээ ядуурлаас аварч, төрөө хямралаас гаргана” хэмээн уриа лоозон дэвшүүлж сонгуульд үнэмлэхүй олонх болж ялж байсан ч ард иргэдийн ядуурлын түвшин буураагүй, албан тушаалтнуудыг авдаг хахуулийн хэмжээ л нэмэгдсээр байгаа билээ.