Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан туршилтын журмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж дууссан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан“ гэж ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Тус системийг нэвтрүүлснээр зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсэх ба зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид тус системд хандан хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар хийх, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Эдгээр үйл ажиллагааг цахимжуулснаар цаасны хэрэглээ эрс багасах, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтжээ.
УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдууланзөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал,
Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.