Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Соёлын яам хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 7-9-ны хооронд гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг болох бөгөөд нээлт өнөөдөр боллоо.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЖДҮҮ буюу гар урлалын чиглэлийг анхаарч байна. Гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нэг удаагийн шинж чанартай бүтээл хийж байгааг бүтээгдэхүүн болгож, олон улсын зах зээлд хэрхэн гаргах вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа” хэмээсэн юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өмнөх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улаанбаатар хотод хэчнээн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаа вэ гэдгийг тодорхойлсон. Энэ жилийн онцлог нь уламжлалт гар урлалын шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгаруулж байгаа явдал юм. Үнэлгээний 10 хороо ажиллаж байгаа. Улаанбаатар хотод уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 мянга гаруй хүн байдаг. Энэ удаагийн арга хэмжээнд Улаанбаатараар хязгаарлагдахгүй, орон нутгаас иргэд оролцож байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй бүтээл дэлгэгдлээ. Өөрөөр хэлбэл, 10 төрөл тус бүрд 100 бүтээгдэхүүнээр оролцож байна гэсэн үг. Орон нутгаас мөн ийм тооны бүтээгдэхүүнээр оролцож байна. Шилдэг 100 бүтээгдэхүүнийг шалгаруулж, 1-3 жилийн хугацаанд бойжуулж, олон улсын зах зээлд гаргахад хамтарч ажиллана” хэмээв.