Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, аялаж зугаалах газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулах ажлууд хийгдэж буй. Энэ хүрээнд Дархан цаазат “Богдхан уул”, “Туул гол” байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах мөн ой мод, ургамалд сөрөг нөлөө үзүүлж буй байгууламжуудыг буулгах, байгальд ээлтэйгээр нийтийн зориулалтаар тохижилтын ажлууд хийгдэж байна. Тодруулбал, 1-р ээлжийн буюу “Ассем вилла” хотхоны хойно “Туул гол”-ын эрэг дагуу иргэд цэвэр агаарт тав тухтай амарч зугаалахад зориулж амралтын талбай, авто зогсоол, зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган хүний зам, сандал, сүүдрэвч, пандус, гэрэлтүүлэг бий болгож даланг эко хантангаар хучиж тохижуулж ашиглалтад орлоо. Иргэдийн амралт чөлөө цагаа тухтай өнгөрүүлэх боломжтой тус газруудыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Бизнес фокус” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.