“Парис-2024”-ийн зохион байгуулагчид уг олимпод сайн дураар ажиллах хүмүүсийг 2023 оны нэгдүгээр сар хүртэл бүртгэхийг Олон улсын олимпын хорооноос гишүүн улсууддаа мэдээлжээ. Тус олимпын үеэр урьд өмнөхөөс илүү олон хүн цуглах магадлалтай тул зохион байгуулагчид Франц улсынхаа муж бүрээс болон олон улсаас нийт 45 мянган сайн дурын ажилтан элсүүлж, хамтран ажиллах гэнэ. Манай улсын иргэд ч олимпод сайн дураар ажиллах боломжтойг Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлжээ. Уг олимпод тамирчдыг болон үзэгчдийг хүлээж авахаас эхлүүлээд олон үе шатанд хариуцлагатайгаар ажиллаж, спортын том арга хэмжээг зохион байгуулах туршлага хуримтлуулах болон амьдралдаа хэзээ ч мартагдахгүй түүх бүтээх сонирхолтой 18- аас дээш насны хүмүүс terredejeux.paris2024. org цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ өгч болох аж. Ташрамд сонирхуулахад, тус олимпын зохион байгуулагчид марафон гүйлтийн замын маршрутыг Францын хувьсгал өрнөсөн зам дагуу байхаар баталжээ. Мөн “Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жоллийг томилоод буй юм.
Бэлтгэсэн Р.Жаргал