Хил хамгаалах байгууллага өмнө нь голчлон шилдэг офицер, ахлагчаа шалгаруулдаг байв. Мөн цэргүүдийнхээ хил дээр гүйцэтгэх үүрэг чадвар хийгээд цэргийн эрдмийн мэдлэгийг нь шалгаж, шилдгийг нь шалгаруулж ирсэн түүхэн уламжлалтай. Харин хилийн цэргийн ангиудаас нэг, нэг шилдэг байлдагч шалгаруулж, ХХЕГ-т авчран, зөвлөгөөн хийж байсангүй. Тодруулбал, хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаа Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөнийг энэ сарын 13-15-нд ХХЕГ-т зохион байгуулж байна.
Төрийн аливаа байгууллагын үйл ажиллагаа бүгдэд нээлттэй, хүний эрхийг дээдэлдэг, нэгнээ сонсдог, төрийн албан хаагчид ёс зүйтэй байхыг шаарддаг. Тиймээс хил хамгаалах байгууллагын удирдлага хамгийн анхан шатны нэгж буюу хилчдийн төлөөлөл, хугацаат цэргийн алба хаагчдынхаа үгийг сонсож, амьдрал ахуйд нь ямар асуудал тулгарав, цэргийн алба хаагчдын дунд иргэдийг цочроосон ноцтой асуудал яагаад гарах болов, цаашид яах вэ гэдгээ ярилцах үүднээс эл зөвлөгөөнийг зохион байгуулж буй аж. Хил хамгаалах байгууллагын харьяа бүх ангийн төлөөлөл, хилийн цэргүүд зөвлөгөөнд иржээ. Ирсэн бие бүрэлдэхүүний 54.5 хувь нь шинэ цэрэг. Өөрөөр хэлбэл, 2022 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус. Үлдсэн 45.5 хувь нь 2021 оны II ээлж буюу сар гаруйн дараа халагдах цэргүүд юм. Цэргийн албаны тухай хуульд “Монгол Улсын 18-25 настай иргэд цэргийн албыг биеэр хаана” гэж заасан. Тэгвэл эл зөвлөгөөнд 18-25 насныхны төлөөлөл оролцож байна. Тухайлбал, тэдний олонх нь 18, 19 настай. 23, 24, 25 настай тус бүр нэг цэргийн албан хаагч иржээ.
ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин отрядуудаас ирсэн цэргийн жагсаалыг хүлээж авахдаа “Тулгарч буй асуудлаа нээлттэй ярилцаж болно. Асуудал байгаа бол засаж залруулна” хэмээн онцолсон. Товчхондоо, цэргүүдийн дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлж, дараа дараагийн үйл ажиллагаандаа тусгах нь. Хугацаат цэргийн албанд тулгамдсан асуудал юу байна, хил дээр ямар бэрхшээл учирдаг, цаашдаа энэ албыг хэрхэн үр дүнтэй байлгах вэ гэдэг саналыг цэргүүдээс сонсоно. Нөгөөтээгүүр, жилийн хугацаанд байлдагчид цэргийн эрдэмд хэрхэн шамдан боловсорсон, тэдэнд олгож буй зэвсэг, морь уналгатай хэрхэн харьцаж байна, байгалийн болон зохиомол саадыг давах сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл хангагдсан, эсэхийг тодруулах тэмцээнүүд зохион байгуулж, шилдгийг нь тодруулах юм.
Цэргүүд зөвлөгөөний нээлтийн дараа тус бүр “Хугацаат цэргийн албанд тулгамдаж буй асуудал, өнөөдөр ба ирээдүй” сэдвээр эсээ бичсэн. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл дутмаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй нэг цэргээс үүдэн хил хамгаалах байгууллагын нэр хүнд унадаг гэсэн асуудлыг тэдний цөөнгүй нь хөндсөн байв. Мөн ахлагч нар асуудлыг биеийн хүч түрэмгийллээр шийддэг нь залууст хамгийн ээлгүй арга гэж зарим байлдагч бичжээ. Бас нэг зүйл нь өнгөрсөн үеийн цэргүүдийн хажууд одоогийн хүүхдүүд дэндүү жаргалтайгаар алба хааж байна гэсэн өнцгөөс хандах нь түгээмэл байдгийг байлдагч нар онцолсон аж. “Уг сэтгэлгээнээсээ ангижирч, залуусын бие бялдар, оюун санаанд тохирсон аргаар хилээ хамгаалах шинэлэг арга боловсруулах ёстой. Гэхдээ зарим талаараа залуус сул дорой, үг сонсох чадваргүй байгаа нь үнэн” гэсэн санааг хэд хэдэн цэрэг бичсэн байна. 21 аймгаас ирсэн шилдэг цэргүүд энэ мэтчилэн удирдлагадаа хандаж, эсээгээр дамжуулан олон асуудлыг хөнджээ. Тэргүүний байлдагчдын “зурвас”-т дурдсан асуудлуудыг хил хамгаалах байгууллагын удирдлага бодлогодоо тусгах аж. Мөн нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжоор нь хангаж, уг зөвлөгөөнд хэвлэл, мэдээллийнхнийг нээлттэй оруулж, цэргүүдтэй ярилцуулсан юм.
Сар гаруйнхны дараа цэргүүд халагдаж, эх орны өнцөг булан бүр дэх гэртээ харьцгаана. Үүний зэрэгцээ Монгол Улс даяар 2022 оны цэрэг татлага эхлэх юм. Тиймээс дээрх зөвлөгөөн, түүнээс гарах үр дүн цэрэг татлагад эерэг нөлөөлөл үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байгааг хил хамгаалах байгууллагынхан дурдсан. Хугацаат цэргийн албанд татагдахад дөрвөн долоо хоногийн турш цэргийн онолын хичээл үздэг. Анхан шатны цэргийн хэргийн хичээл заасны дараа дадлагажуулах сургалтад хамруулдаг аж. Энэ нь нийт заах эрдмийн 30 хувь. Үлдсэн 70 хувь дадлага байдаг. Голдуу хилийн манаанд яаж явах, юу болох, аль нь болохгүйг ахлагч, офицерууд биечлэн дагуулж заана. Өөрөөр хэлбэл, хичээл үзэж судлахаас илүү хилийн албаны үйл ажиллагаанд оролцож, ямар үүрэг гүйцэтгэхээ таньж мэддэг. Дундуур нь албанд дадлагажуулах болон албаны жигдрэлтийн сургалтыг нэмэлтээр явуулдаг гэнэ.
Албаа хааж байгаа дайчид зөвлөгөөний хугацаанд үеийнхэн болон дүү нартаа цэргийн алба гэж юу болохыг сурсан эрдмээрээ харуулах нь. Тодруулбал, цэргүүдийн ар гэрийнхнийг урьж, тэмцээн, уралдаан үзэх боломжоор хангаж буй. Өчигдөр буюу зөвлөгөөний хоёр дахь өдөр цэргүүд хоол хийж, гэр бүлийнхнээ дайлсан юм. Мөн захны даавуугаа өөрсдөө оёх, малын зүс, им, тамгыг нэрлэж, хортой ургамал ялгаж, хордсон бол ямар арга хэмжээ авахаа ярилцах зэргээр сурсан, мэдсэнээ гэр бүлийнхэндээ танилцуулснаас гадна урлагийн үзүүлбэр ч толилууллаа. Байлдагч нар өнөөдөр морио барьж, буудлага хийж, хүний мөр илрүүлж, саадтай зурвас давж, хорт утааны цэг туулах зэрэг хилчний өдөр тутам хийдэг үүргүүдийг гүйцэтгэнэ. Хил хамгаалах байгууллагын “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022”-ын эзэд маргааш тодрох юм.
Зөвлөгөөний хүрээнд хугацаат цэргийн алба хаагч болон ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны сэтгүүлчид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эл хэлэлцүүлэгт хэн нэгэн дарга, удирдлага оролцоогүй. Товчхондоо, байлдагчид, сэтгүүлчдэд чөлөөтэй ярилцах орон зай олгов. Энэ үеэр зарим алба хаагчтай ярилцсанаа хүргэе.
Ш.ДАВААЦЭРЭН: ДҮРМЭЭ МЭДДЭГ АЛБА ХААГЧ ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ
Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангиас ирсэн, дэд түрүүч Ш.Даваацэрэнтэй товч ярилцлаа.
-Цэрэгт хэзээ татагдав. Байлдагчаас дэд түрүүч болтлоо дэвшжээ. Цэрэгт явахыг хүсдэг залууст юу гэж зөвлөх вэ?
-Цэргийн албанд татагдаад дөрвөн сар болж байна. Татагдсаны дараах эхний сард сургалтад хамрагддаг. Сургалтын төвд сурах хугацаандаа бусдыгаа хошуучилж, цэргийн эрдмийн хичээлдээ хамгийн сайн үнэлгээ, бие бялдрын үзүүлэлтээрээ хамгийн өндөр оноо авсан нь тасгийн дарга болгох шалгуур байсан болов уу. Сургалтын дараа тангараг өргөх үеэр дэд түрүүч цол олгосон. Ер нь залуустаа хэлэхэд, удирдах чадвартай, цэргийн дүрмийн хичээлийн сурлага, ёс зүйгээрээ ялгарч, тамирын үзүүлэлтээрээ илүү байж чадсан нь энэ цолыг авдаг.
-Цэргийн амьдралын яг юу нь гоё вэ?
-Хилийн манаанд явах нь хамгийн гоё. Хилийн цэрэгт явж байгаа нь бахархал. Хилийн тэмдэгт дээр очоод үүнээс цааш хүний нутаг, үүнээс нааш миний эх орон гэдгээ харж бахархдаг. Яг энэ нутагт аав, ээж, ах, дүүс, монголчууд минь бий. Бид тэднийгээ хамгаалж яваа гэж мэдрэх нь бахархалтай санагддаг.
-Алба хаах хугацаа дууссаны дараах төлөвлөгөөгөө гаргасан уу. Гэрээт цэргийн алба хаах талаар бодож үзсэн үү?
-Эхний ээлжид цэргийн албаа нэр төртэй хаахыг зорьж байна. Уг нь гэрээт цэргийн алба хаах сонирхол бий. Тиймээс дарга нараас асууж, мэдээлэл авсан. Гэвч гэр бүлийнхэн жаахан дурамжхан байгаа. Тиймээс эцсийн шийдвэр хараахан гаргаагүй.
-Цэрэгт ирэхээс өмнөх болон одоогийн ойлголт хоёрын дунд зөрүү хэр их байна вэ?
-Цэргийн албанд очихоор дарга нарын хатуу ширүүн үгс, хал цэргүүдийн дарамт их гэж сонсож байсан. Тиймээс айдастай байснаа нуухгүй. Гэхдээ дотор нь ороод ирэхэд тийм зүйл тохиолдоогүй. Одоо цэргийн албандаа илүү дасаж байна. Бүх дүрмээ мөрдөхөд ямар ч асуудал тулгарахгүй. Угаас дүрмээ дагадаг цэргийн алба хаагч хамгийн эрх чөлөөтэй байдаг. Цэргийн байгууллага олон даргатай. Бүгд л тушаал өгнө. Тиймээс зарим хүн үг даахгүй байх нь бий. Үг дааж сураагүй бол амархан шантардаг байх.
Э.НЯМЗАГД: ЦЭРЭГТ ХУВЬ ХҮН ИРЭЭД, БИЕ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШДӨГ
Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Цэргийн албаны тасгийн дарга, хошууч Э.Нямзагдтай цөөн хором ярилцлаа.
-Шилдэг байлдагчаа яаж шал гаруулав. Бусад ангиас ирсэн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх бол?
-Хил хамгаалах байгууллага өмнө нь шилдэг ахлагч, офицер, төрийн үйлчилгээний алба хаагчийн цугларалт зохион байгуулдаг байлаа. Энэ удаад тэргүүний хугацаат цэргийн алба хаагчийн зөвлөгөөнийг ихээхэн онцлогтой зохион байгуулж байна. Манай ангид 2022 оны I ээлж болон 2021 оны II ээлжээр ирсэн алба хаагчдаас шилдэг цэргээ тодруулсан. Байлдагч О.Сод-Эрдэнэ ангиа төлөөлөн энэ зөвлөгөөнд оролцож буй. Сурч мэдсэнээ бүрэн дүүрэн дайчилж оролцоно гэдэгт итгэж байна.
-Цэргийн албанд ирж буй залуусын төлөвшил, хандлага ямар байна вэ?
-Залуус сургалт, дадлагаар заасан зүйлийг хурдан ойлгож, боловсруулах чадвартай байна. Зарим нь бидний заах гэж байгаа хичээлийг хэдийн цахим орчноос судалчихсан байдаг. Тэр утгаараа их нээлттэй ярилцаж, хичээлд идэвхтэй оролцдог давуу талтай. Мөн залуус бие бялдартаа их анхаардаг болсон нь сайшаалтай. Жилийн хугацаанд өөртөө зорилт тавиад, хорт зуршлаасаа салъя гээд тамхи татахаа больсон залуус ч бий. Ийм сайхан хүсэл эрмэлзэлтэй залуус цэрэгт ирэх болсонд баярладаг.
-Залуусын зарим нь алдаа гаргаж, шантрах нь ч бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Цэргийн сургууль төгссөнөөсөө хойш 12 жилийн турш цэргүүд хүлээн авч, ажиллаж байна. Хүн болгонд тохирсон чиглэлээр сургалт зохион байгуулах нь чухал. Дунд сургуулиа төгсөөд ирсэн залуус учраас цаашдынх нь ажил, амьдралд зөв чиглүүлэхэд ихээхэн анхаардаг. Мөн төрөл төрлийн мэргэжлээр сургалт явуулж, цэргээс халагдахдаа мэргэжлээ сонгох боломж олгох нь чухал гэж боддог. Ер нь шинэ цэрэг хүлээж аваад, сургалтад хамруулаад, хилийн манаанд гаргаад албан үүрэг гүйцэтгүүлээд жил турш хамт байхаар халагдахад нь нулимс гардаг. Ямар жаахан хүү ирлээ. Бидний заасан зүйлийг сураад, тэмүүлэлтэй болоод халагдахыг нь хараад бахархдаг. Жилийн хугацаанд удирдлагаас чиглэл аваад, нөгөө хүнд дамжуулаад, үүрэг гүйцэтгээд сурдаг. Мөн хал цэрэг шинэ хүнээ дагуулж сургаад, хариуцлагатай болдог. Ер нь цэрэгт хувь хүн ирээд, бие хүн болж төлөвшдөг дөө.