“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь энэ сарын 6-7-нд шилжих шөнө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж шалгаж эхэлжээ. Энэ талаар тус ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын албаныхан “Урьд шөнө Л.Эрхбаатар захирлыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр цагдаагийнхан саатуулсан гэсэн яриа байгаа. Өнөөдөр ажилдаа ирээгүй болохоор уг яриа ортой байх” хэмээсэн юм.
Л.Эрхбаатарт хахууль өгсөн хүн нь “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ аж. Тэрбээр Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм. “Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас энэ онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан аж. Эдгээр тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй хэмээн хууль сахиулагчид үзэж буй юм билээ. “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын хувьд өмнө нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад шилжин томилогдоод яг нэг жилийн нүүр үзэж буй нэгэн. Тэрбээр бас Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан билээ.