Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай нь авч явсныг хууль сахиулагчид тогтоож, хэргийн газраас олдсон хонгиотой харьцуулсан шинжилгээ хийхээр болсон байна.
Хэрэгт холбогдоод буй Н.Ш энэ сарын 5-ны үдэш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн тасгийнхан саатуулж, машиныг нь түр саатуулах хашаанд хийснээс үүдэн ийм үйлдэл гаргасан байж болзошгүйг орон нутгийнхан мэдээллээ. Энэ буудсан эртэй холбоотой өөр нэг мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сард оргон уржигдар шөнө автомашинд суух гэж байгаад баригдсан хүмүүжигч А.Мөнхбатыг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Н.Ш саад учруулсан байж болзошгүй нэгэн гэнэ.