Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Улиастайн эх, Даваатын даваа, Зааны пост, Хорхын ам, Босгын гүүр, Баруун, Зүүн Баян Туулын эх, Туул пост гэх газарт албаныхан энэ сарын 23-26 өдөр шалгалт хийжээ.
Тус хамгаалалтын захиргааны хориглосон бүсэд зорчиж байсан 10 машин, 88 иргэд, тус иргэд 6 отго байгуулсныг албадан буулгаж, Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль, “Ойн тухай” хууль, “Зөрчлийн тухай” хууль, Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг тус тус танилцуулан иргэдийг ойн сангийн бүсэд үүсгэсэн хог хаягдлыг цэвэрлүүлж, тээврийн хэрэгслийн хамт уулнаас буулгасан байна.
Хуш модны самрыг болц гүйцсэн үед түүх хууль эрх зүйн зохицуулалттай хэрэв хууль зөрчин байгалийн дагалт баялгийг түүж бэлтгэх юм бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тоот тушаалаар Экологи -эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг тооцож холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авагддаг болохыг анхааруулж байна. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх,
Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:
- Ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор хуульчилсан байна.
- 1 кг /Боргоцой/ самарт 296700 төгрөг
- 1 кг /Цайруулсан самарт/ 529800 төгрөг тус тус экологи эдийн засгийн үнэлгээ тооцогдохоор байна.
Иймд иргэд хуулийн хүрээнд байгалийн дагалт баялгийг холбогдох хууль, журмын дагуу тогтоосон хугацаанд түүж бэлтгэж байхыг албаныхан анхаарууллаа.