Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран Туул гол дагуу газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын энгийн, онцгой хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй хашаа, хайс татсан зөрчил цөөнгүй илэрснийг мэргэжилтнүүд дурдав. Тухайлбал, “Эй Эй Энд Эм”, “Ривер бийч”, “Ориентал кемп”, “ЭШБ трейд” зэрэг компани ийм зөрчил гаргажээ. Эдгээрээс “Эй Эй Энд Эм”, “Ривер бийч”-д газар ашиглах эрхийг нь хэсэгчилсэн байдлаар цуцлах санал хүргүүлж, үлдсэнд нь зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Мөн хог хаягдлаа зориулалтын газарт төвлөрүүлж, устгадаггүй, газрын зөрчилтэй, голтой ойр үйл ажиллагаа явуулдаг есөн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцжээ. Шалгалтын багийнхан Богдхан уулын ойр орчимд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгжид орчны тохижилт сайжруулах, ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлжээ.
Бэлтгэсэн Н.Буян