“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг УИХ 2017 онд баталсан. Ингэхдээ дээрх хоёр компанийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар эхний шийдвэрээ өнгөрсөн зургадугаар сард гаргаж, 166 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийхээр болсон. Энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авалга буюу 480 тэрбум төгрөгийг суутгаж авахаар өчигдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ. Тодруулбал, “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Төвбанкнаас тус банканд олгосон 204.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “Ингэснээр Монгол Улс “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь өмчлөх том алхам хийлээ. Харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ. Энэ ажлыг урагшлуулахад АТГ хууль, эрх зүйн боломжоор хангаж, сайн ажиллалаа” гэв. Мөн тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц долоо, наймдугаар сараас эрч нь буурсан. Тиймээс олон нийтийн хяналтыг өндөр болгож, төрийн өмчийн компаниудтай холбоотой чанаргүй зээлийг төлж барагдуулах үүргийг холбогдох сайд нарт дахинөглөө. Мөн Ерөнхий сайд хувийн хэвшлийнхний чанаргүй зээлийг төлүүлэх чиглэлд хатуу арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Тодруулбал, “Эрэл” болон “Шинэ Яармаг” төслийн барьцаа хөрөнгийг хураах, албадлагын арга хэмжээ авах чиглэл өглөө. Ойрын нэг сарын хугацаанд энэ ажлыг эрчимжүүлнэ” хэмээн тодотгов. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банканд нийтдээ 514.5 тэрбум төгрөгийн зээлийг төлсөн байна.