Төмөр хашаа, чулуун хана, цоожтой хаалганы цаана зэвсэгтэй этгээдүүд хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлддэг гэж та боддог уу. Ингэж хорьж цагдан, шорон шиг нөхцөлд охид, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, ашиг ологсод бий. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэнхдээ нүдэнд үл үзэгдэх “хүлээс”-нд орж, хохирдог талаар өмгөөлөгчид хэлдэг. Гэмт хэргийн хохирогчид хүссэн үедээ гараад явж болохуйц эрх чөлөөтэй мэт харагддаг ч сэтгэл санаа, эдийн засгийн хараат байдалд гүн “шигддэг” гэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдүүд хохирогчдыг айлган сүрдүүлж, зодож, сэтгэл санааны хүнд байдалд оруулан, улмаар ар гэрийнхнийг нь хүртэл заналхийлж, эрхшээлдээ оруулдаг аж.
Энгийнээр хэлэхэд, охид, эмэгтэйчүүд бусдын нүдэнд сайн дураараа биеэ үнэлж буй мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц алхам ухарч чадахааргүй хүнд нөхцөлд байдаг гэнэ. Ийм нөхцөлд орсон хүмүүсийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэж үздэг.
2017-2022 оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүн худалдаалахтай холбоотой 64 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний улмаас 237 хүн хохирсны 95 нь буюу 40 хувь нь насанд хүрээгүй хүүхэд. Насанд хүрээгүй охидыг үг, үйлдлээрээ айлган сүрдүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, ашиг олж гаршсан этгээдүүд байсаар буйг дээрх баримтаас харж болно. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт нэмэгдэхийн хэрээр амьжиргааны түвшин тааруу, аль эсвэл гуниглаж ганцаардсанаа цахим орчинд илэрхийлсэн нэгнийг “олзлохоор” гэмт этгээдүүд ангуучилдаг аж. Ялангуяа богино хугацаанд мөнгө олох гэсэн гэнэн томоогүй өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг “Өндөр цалинтай ажилд оруулна”, “Саун массажны газарт ажиллуулна” гэх зэргээр хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлэх явдал түгээмэл гэнэ. Ингээд сайхан амлалтад нь хууртсан охидыг бие болон сэтгэл санааны дарамтад оруулдаг байна. Тухайлбал, “Чи охин дүүтэй биз дээ, гэр бүлийнхэн чинь хаана амьдардгийг би мэднэ”, “Цагдаад хэлээд нэмэргүй, намайг бүгд танина, чамд хэн ч туслахгүй”, “Бусадтай бэлгийн харьцаанд орсон бичлэгийг чинь олон нийтийн сүлжээнд байршуулна” гэх зэргээр айлган сүрдүүлж, эсэргүүцсэн нэгнийг зодож, хараат байдалдаа оруулдаг аж.
АЛГА БОЛСОН ГЭХ ОХИД ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХ НЬ ТҮГЭЭМЭЛ
Хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхнаас тодруулахад “Өсвөр насны охидод богино хугацаанд мөнгө олох сэдэл өгч, садар самуун явдалд татан оруулах замаар бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгож байна. Ингэхдээ хохирогчдын эмзэг байдлыг нь далимдуулж, цахим сүрдүүлэгт автуулах нь элбэг. Манай албаны илрүүлэн шалгасан хэргүүдээс дүгнэхэд, насанд хүрээгүй хохирогчдын ихэнх хувь нь гэр бүлийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан оршин суугаа газраасаа явж, алга болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, эрэн сурвалжлагдсан охид гэдэг нь тогтоогдсон. Хүн худалдаалах гэмт хэргийг хил дамнан үйлдэж байна. Охид, эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажиллуулах, виз түргэн шуурхай гаргах зэргээр хууран мэхэлж, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу явуулж, гэмт хэргийн золиос болгодог. Харин дотоодод бол охид, эмэгтэйчүүдийг гудамж, талбай, олон нийтийн газарт ажиллуулж, үйлчлүүлэгч олуулах, массажист нэрээр биеийг нь үнэлүүлэх, баар, караоке, ресторан, паб зэрэг газар ширээний үйлчлэгч хийлгэх зэргээр уг гэмт хэргийг үйлдэж байна” гэв.
Тус албаныхан 2018-2022 онд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 53 удаа зохион байгуулсан бөгөөд охид, эмэгтэйчүүдийн биеийг цахим орчинд дуудлагаар үнэлүүлдэг, насанд хүрээгүй хүүхдийг бусдад зуучилдаг этгээдүүдийг илрүүлэн, гэмт үйлдлийг нь таслан зогсоожээ. Мөн эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөрөөдлийн шүхэр” аяныг ХЗДХЯ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж буй аж. Хүн худалдаалах гэмт хэргийг бусдын сайн сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлийг “хулгайлж”, хууран мэхлэх замаар үйлддэг. Тиймээс өөрийгөө хамгаалах гол “шүхэр” нь мэдлэг, мэдээлэл гэж олон улсад үздэг гэнэ.
ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ЯЛ ЗАВШСААР БАЙХ УУ
Дэлхий нийтээр охидыг бэлгийн мөлжлөгт, хөвгүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож байна. Манай улс Эрүүгийн хуульдаа хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг тусад нь зүйлчилж, хүүхдийн эсрэг гэмт хэргийг бүлэг болгон тусгажээ. Улс хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт нэгдэх зэргээр манай улс эл гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчноо бүрдүүлсээр байгааг цагдаагийн байгууллагынхан онцолсон. Гэвч хуулийн цоорхой ашиглан, ял завших явдал гарсаар байгааг 2021 оны “Хүн наймаалах асуудлын төлөв байдал” тайланд дурджээ. Тухайлбал, сүүлийн есөн жилд эрх бүхий байгууллагууд эрэгтэй хохирогчийг албан ёсоор тогтоогоогүй. Мөн бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдүүдийг илрүүлж, хамгаалах үйлчилгээтэй холбохын оронд биеэ үнэлэх гэмт хэргээр шийтгэсэн. Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд захиргааны арга хэмжээ авсныг шүүмжилсэн байна. Энэ талаар өмгөөлөгч А.Будханд “Эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөгөөс ялгарах гурван гол шинжтэй. Эмзэг байдлыг нь далимдуулсан, хуурч мэхэлсэн, итгэл эвдсэн гэсэн гурван шинжээрээ бэлгийн мөлжлөгөөс ялгагддаг. Гэтэл хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Эрүүгийн хуулийн 12.3 буюу бэлгийн мөлжлөг гэсэн зүйлчлэлээр ялаа хөнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зорчих эрхийг нь хязгаарлаагүй, хориогүй, гарч явах боломжтой байсан гэж “мэлзээд”, ял завшдаг. Гэтэл бодит байдалд хохирогч хүссэндээ явахгүй байгаа хэрэг биш. Оргосон ч хэвтэрт ортлоо зодуулдаг учир дахин ийм үйлдэл гаргаж зүрхэлдэггүй. Энэ нь сэтгэл санааны хувьд хоригдож байна гэсэн үг. Зөвхөн нүдэнд харагдах байдлаар тухайн хохирогчийг цоожлоогүй, зорчих эрхийг нь хязгаарлаагүй гээд гэмт этгээдийн шийтгэлийг хөнгөвчилж болохгүй. Түүнчлэн манай улсын хуульд хохирогчдод үзүүлэх туслалцааны талаар тусгайлсан заалт байхгүй. Эрүүгийн хуульд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн талаарх хохирлыг дурдсан ч эдийн бус хохирлын талаар ер дурдаагүй. Өөрөөр хэлбэл, хүн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд эмчилгээний зардлаа төлүүлдэг. Харин хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын сэтгэл санааны хохирлыг тооцдог аргачлал байхгүй. Хохирогчийн сэтгэл зүйн байдал хэвийн, эсэхийг тогтоохын тулд сэтгэлзүйчид хандах шаардлагатай болдог. Хохирогчид хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчтэй холбох чиглэлээр голчлон төрийн бус байгууллагууд ажилладаг. Нэг хоног, сар, жил ч бай бусдын эрхшээлд орж, хүсээгүй зүйлээ үйлдсэн хохирогчдын сэтгэл зүйн хохирлыг материаллаг зүйлээр хэмжих аргагүй. Би энэ төрлийн 10 гаруй гэмт хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллахдаа аль болох нөхөн төлбөр гаргуулахыг хичээсэн. Үүнээс үр дүнд хүрсэн нь бий. Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын гоё сайхан амлалтуудад хууртаж, цаад санааг нь ойлгохгүйгээр ажлын саналыг нь зөвшөөрчихдөг. Тэгээд энэ байдлаасаа гаръя гэхээр гэмт этгээдүүд дарамталдаг. Бүр эцэг, эхийг нь хүртэл хуурч мэхлэх замаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий. Хохирогч охид бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөхөөс гадна жирэмсэлж, үр хөндүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Зарим нь эмнэлгийн бус орчинд ч үр хөндүүлдэг. Мөн үр зулбуулах эм, бэлдмэл уулгаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг. Хохирогчид гэмт этгээдийн гараас мултарсан ч цаашид сэтгэл санаа, бие махбодын хохирлоо бүрэн арилгаж чадахгүй хүнд байдалд амьдарч буй” хэмээн ярилаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг сэтгэл зүйн хувьд хохиролгүй болгосон тохиолдол манайд бараг үгүй. 2019 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид 798 400 төгрөгийг нөхөн төлбөрт өгснийг эс тооцвол.
ИЧИХ БИШ, ИЛЧЛЭХ ЗОРИГТОЙ БАЙЯ
Охид, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон зөвлөгөө, мэдээлэл өгдөг олон улсын туршлага бий. Бусад хүн биеийнх нь аль хэсэгт хүрч болохгүйг ойлгуулах, хохирогч болсон тохиолдолд ичиж, нуух биш, илчлэх хэрэгтэйг хүүхдэд багаас нь ойлгуулах нь нэн чухал аж. Бусдын эрхшээлд орж, бие махбодын хүчирхийлэлд өртөхийн зэрэгцээ сэтгэл зүйн хувьд эдгэршгүй шарх авсан ч өөрийгөө буруутан мэтээр бодож, нийгэмд эргэн хөл тавихаас айх нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод түгээмэл тохиолддог асуудал гэнэ. Зарим нь гэмт хэргийн хохирогч болчихоод хэнд хандахаа мэддэггүй. Тэр ч бүү хэл, гар утас нь нэгжгүйгээс цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй гэж мэдүүлсэн харамсалтай жишээ ч бий. Уг нь цагдаагийн байгууллагын 102, хүүхэд хамгааллын 108 дугаар утас руу залгаж, тусламж авахад үнэ төлбөргүй байдаг билээ.
Дээр дурсан аюулд насанд хүрээгүй хүүхдүүд өртөх эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс цахим орчинд ихэнх цагаа өнгөрүүлж буй үр хүүхдээ хэнтэй харилцаж, нөхөрлөж байгааг нь хянахад илүүдэхгүй. Хүсэл мөрөөдөлд нь дөрөөлж, сайхан амлалтаа “өгөөш” болгон хуурч мэхэлж, эрхшээлдээ оруулдаг аюултай харилцаанаас сэрэмжилье.
Бэлтгэсэн Ч.Болортуяа