Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан Төрийн хяналт шалгалтын болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай бүсэд хяналт шалгалт хийх явцдаа хууль бусаар самар түүж байсан бүлэг иргэнийг илрүүлжээ. Хулгайн самарчид Түргэний аманд отоглож, ойр орчмынхоо газрыг ихээхэн бохирдуулсан байсан гэнэ. Байгаль хамгаалагчид эхний ээлжид тэднээр тарьсан хогийг нь цэвэрлүүлж, уулнаас буулгасан байна. Харин цаашид хамгаалалтын захиргааны дарга М.Доржийн өгсөн удирдамжийн дагуу эл хэргийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулах гэнэ. Ташрамд дурдахад, хуш модны самар түүж, бэлтгэх болон хориглох шийдвэрийг байгаль орчны төрийн захиргааны байгууллагынхан есдүгээр сарын 1-нээс өмнө гаргах учиртай. Одоогийн байдлаар БОАЖЯ-наас энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.