Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах нөлөөллийн аяныг жил дараалан орон даяар зохион байгуулж, мэдээлэл, сурталчилгаа хийсээр буй ч энэ төрлийн ослын тоо буурахгүй байна. Он гарснаас хойш зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416, нийслэлд 671 хүн гэмтэж, 295 иргэн амиа алдан, 155 сая төгрөг өөр үнэлэгдэхүйц эд материалын хохирол амсжээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд ийм төрлийн ноцтой осол цөөнгүй удаа гарав. Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумд болсон “Айраг” наадмын үеэр согтуу жолооч дөрвөн хүүхэд дайрч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн Улаанбаатар хотын харьяат, 31 настай А Өмнөговь аймгийн Даланзадгад сумд согтуугаар жолоо барьж яваад 24 настай залуугийн аминд хүрсэн явдал уржигдар болжээ. Мөн өдөр Ховд аймгийн Манхан сумд нэгэн харамсалтай осол болсон нь аавынхаа машинд тоглож байсан гурван настай хүү санамсаргүй байдлаар төрсөн дүүгээ дайрч, амийг нь хохироосон аж. Тухайн үед хүүгийн эцэг, эх машинаа асаалттай орхисон байж. Харин өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт зам, тээврийн ноцтой осол гарсны улмаас таван хүн газар дээрээ нас баржээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хохирогч нарын сууж явсан машин ачааны машинтай мөргөлдсөнөөс ийм явдал болсон гэнэ.