Өнгөрсөн даваа гарагт болсон Цэцийн их суудлын хуралдаанаар 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь уг хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Үндсэн хуулийн удиртгал, 1.2, 29.1, 70.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзсэн. Мөн Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн, хоорондоо зөрчилтэй өмнөх шийдвэрүүдээ ч хүчингүй болгосон юм. Эл шийдвэр нь зөв жишиг боллоо хэмээн онцлон сайшаах нэгэн байхад Үндсэн хуулийн цэц бүрэн эрхээ хэтрүүллээ гэж шүүмжлэх хүмүүс ч байна.
Тэр дундаа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэсэн эрх баригчдын захиалгаар Цэц ажиллалаа гэх шүүмжлэл нэлээд эртнээс гарсан байв. Ер нь Үндсэн хуулийн цэц улстөрчдийн захиалгаар ажилладаг, тодруулбал, үе үеийн эрх баригчдын таалалд нийцүүлэн шийдвэр гаргадаг хэмээх хардлага ганц энэ удаагийнх биш л дээ. Иймд тухайн үеийнхээ эрх баригчдын “захиалга”-аар гаргасан гэгддэг Үндсэн хуулийн цэцийн зарим шийдвэрийг эргэн сануулъя.
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ СОЛЬСОН НЬ
УИХ-ын 2016 оны сонгуулийг холимог хувилбараар явуулах гэж байтал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод өнөөгийн тогтолцоогоор зохион байгуулахаар хуульчилсан. Тухайн үед улс төрийн намууд хэдийн сонгуулийн бэлтгэлдээ гарч, Сонгуулийн ерөнхий хороо хийх ажлын төлөвлөгөөгөө хүртэл батлан орон даяар мөрдөж эхлээд байв. Ер нь л хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбараар сонгууль явуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй, 76 гишүүнийг тойргоос сонгодог одоогийн тогтолцоог өөрчилж болохгүй гэх ойлголт эндээс үүдсэн гэхэд болно. Тодруулбал, УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор байсан нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёрт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг зөрчсөн хэмээн Цэц 2016 оны 05 дугаар дүгнэлт гаргасан юм. Өөрөөр хэлбэл, шууд сонгох эрх гэдгийг сонгогч заавал хүний нэр дугуйлна гэх ойлголтын үүднээс шийдвэрлэснийг судлаачид, хуульчид шүүмжилж байлаа. Харамсалтай нь, энэ дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Хүлээж авахаас татгалзсан ч Цэц их суудлын хуралдаанаараа ижил шийдвэр гаргах байсан биз. Үндсэн хуулийн цэцэд эл асуудлаар мэдээлэл гаргахаас авхуулаад сонгуулийн тогтолцоог солих хүртэлх бүхий л үйл явц улс төрийн тодорхой зорилготой байсан, тэр дундаа АН-ынхны захиалгаар ажилласан гэж олон хүн харддаг. Цаашлаад тус намын зарим удирдагч нар Ардын намын нэр бүхий хүмүүстэй үгсэн тохирч, тогтолцоог өөрчилсөн байхыг ч үгүйсгэхгүй гэж ярих нь бий. Гэвч тэр үед эрх барьж байсан АН-ынхан тогтолцоог өөрчилсөн ч үнэмлэхүй ялагдал хүлээж, түүнээс хойш сэхэл авалгүй өнөөдөртэй золгов. Аз болоход сонгуулийн тогтолцоог мажоритар байлгах хатуу шийдвэрээ Цэц эргэн харж, ирэх сонгуулийг үүнээс өөр хувилбараар явуулах боломж бүрдүүлээд буй.
Х.БАТТУЛГАД БОЛОМЖ ОЛГОСОНГҮЙ
Өнөөгийн УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, амжилттай ажилласан. Улмаар Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тухайн үеийн Төрийн тэргүүн Х.Баттулга нэр дэвших эрхгүй болсон. Тэднийг МАН-ын захиалгаар мэдээлэл гаргасан гэх мэтээр ярьдаг. Уржигдар шийдвэрлэсэн, “давхар дээл”-тэй холбоотой маргааныг ч тэдний гаргасан өргөдлийн дагуу хянан хэлэлцсэн билээ. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, түүнд нийцүүлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч дэвших эрхтэй, эрхгүй гэж ярьж, мэтгэлцэж эхэлсэн бөгөөд эцсийн цэгийг Цэц хатгаж, Х.Баттулгад боломж олгоогүй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх гурван ч мэдээллийг иргэд Цэцэд ирүүлсэн байсныг нэгтгэн шийдвэрлэсэн хэрэг. Цаг хугацааны хувьд мөн л сонгуультай тун ойрхон болж өнгөрсөн үйл явдал, шийдвэр учраас анхаарал татаж байлаа. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгад талтай ханддаг гэгддэг Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн зэрэг олон сонирхолтой явдал болсон юм даг.
“ЗАХИАЛАГЧ” НЬ ЦЭЦ”
2016 оны зургадугаар сарын 17-нд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, Үндсэн хуулийн цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн эцэслэн шийдвэрлэсэн. Өмнөх оных нь сүүлчээр тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх төслүүдийг УИХ-д өргөн барьсан юм. Цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарахтай холбоотой хэд хэдэн зохицуулалт бүхий эл төслийн эсрэг Цэцийнхэн “Одоогийн гишүүдийг явуулж, өөрсдийнхөө хүнийг оруулж ирэх гэсэн улс төр өрнөж байна” хэмээн байр суурь илэрхийлж байлаа. Энэ сөргөлдөөн нь даамжирч, хууль санаачлагч Х.Тэмүүжин, тухайн үед Цэцийн даргаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гэсэн хувь хүмүүсийн хоорондын зөрчил, цаашлаад АН, МАН-ын дунд өнхрөх “хэрүүлийн алим” мэт явсаар УИХ уг хуулийг арай гэж баталсан түүхтэй. Гэвч ердөө хууль баталсны маргааш нь иргэн Д.Ламжав дээрх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд хандсан юм. Түүний гаргасан мэдээллийн дагуу дунд, их суудлын хуралдаанаа даруй хийж, дээрх шийдвэрийг гаргаж, Х.Тэмүүжин гишүүний “автор”-тай нэмэлт, өөрчлөлтүүд юу ч биш болов. Тухайлбал, Х.Тэмүүжин гишүүн “Үндсэн хуулийн цэц үеэ өнгөрөөсөн улстөрчдийн морг болсон” гэж үглэн, шүүмжлүүлэн байж оруулсан “Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосноор Цэцийн гишүүнээр хэдэн ч удаа томилогдон ажиллаж болох нөхцөл эргэн ирсэн билээ. Тухайн үед УИХ, Цэц хоёрын дунд өрнөсөн тулаанаас хамгийн сонирхол татаж байсан сэдэв нь эл насны хязгаар байсан гэхэд болно. Эцэст нь Цэц иргэн Д.Ламжаваар өргөдөл “өгүүлэн”, өөртөө ашигтай шийдвэр гаргасан гэгддэг эл маргааны үр дүнд хэдэн ч удаа, хэд ч хүртлээ Цэцийн гишүүнээр ажиллаж болох эрх нэг талаар нээлттэй үлдсэн юм.
ХҮСЭХГҮЙ БОЛ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ
АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц “үл тоосон” явдал 2019 онд гарсан. Тодруулбал, УИХ 2016 онд Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохдоо 07 тоот тогтоол баталсан байдаг. Уг тогтоол нь Үндсэн хуулийн 1.2 буюу “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж буй талаар иргэн О.Дарханбаатар Цэцэд 2018 оны зургадугаар сарын сүүлчээр мэдээлэл гаргасан юм. Иргэн О.Дарханбаатар нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар нь 2011 онд томилогдсон хүмүүсийн оронд “ирсэн” учраас бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэж үзэн, Цэцэд хандсан юм билээ. Тэрбээр мэдээлэл гаргахдаа “УИХ Авлигын эсрэг хуулийн 21.1 буюу АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг үндэслэн томилгоо хийсэн ч тус хуулийн 21.5-д зааснаар “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн хэсгийг баримтлалгүй Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 1.2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчиж байна” гэжээ. Түүний гаргасан мэдээллийн дагуу Цэц мөн оныхоо долдугаар сард маргаан үүсгэж, хянан хэлэлцэхээр болсныг тухайн үед мэдээлж байв. Тэр ч бүү хэл, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө гишүүн Ш.Раднаасэдийг томилж, шаардлагатай баримт, мэдээллийг Цэцэд хүргүүлсэн байдаг. Гэвч Цэц долоо, найман сарын турш таг чиг байх зуур АТГ-ын дараагийн удирдлагыг томилчихсон юм. АТГ-ын удирдлагыг чөлөөлж, томилсон эл явдлыг ч “Цэцийнхэн тушаал авсан цэрэг шиг ажиллалаа” гэж хардахад хүргэж байв. Цаг авах гэсэн мэт “аашилсан” Цэцийнхний цагаандаа гарсан энэ үйлдлийг тухайн үеийн эрх баригч МАН-ынхны захиалга гэж шүүмжлэх нь ч аргагүй биз ээ.