Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын нөхцөл байдалтай өнгөрсөн зургадугаар сард танилцсаныхаа дараа энэхүү төслийн ажил удаашрахад хүргэсэн шалтгаан, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцох үүргийг АТГ-ынханд өгсөн. Тэгвэл тус газраас холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ. Өчигдөр гэхэд ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байр, хувийн оффис зэрэг нийт 30 гаруй объектод нэгжлэг хийв. Эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ынхан зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын байранд нэгжлэг хийхээр 13.00 цагийн үед нэвтэрчээ.
Дээрх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн тус үйл явдалтай холбогдуулан хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ хэргийг мөрдөн шалгах ажил ид эхэлж буй учраас албан тушаалтнуудын нэрс болон тоо, нэгжлэг хийсэн газрын талаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэх боломжгүй. Нэгжлэг хийх шаардлагатай, хэрэгт ач холбогдол бүхий баримт, сэлт байгаа гэж үзсэн учраас ийм ажиллагаа зохион байгууллаа. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтныг шалгаж байгаа” гэв.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Дархан-Уул аймгийн чиглэлд шинэ зам барих ажлыг эхлүүлсэн, тухайн үед тендер сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангаас эхлээд ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нарын 10 гаруй хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой.