Монголын үндэсний шигшээ багийн тангараг өргөх ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов. 24 спортын 232 тамирчин өнөөдөр тангаргаа өргөж, албан ёсны шигшээ багийн тамирчид боллоо. Тус ёслолыг нээж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат дасгалжуулагч Д. Жаргалсайхан нээж үг хэлэв. Хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газар, Монгол үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос хамтран ҮШБ-ын тамирчид дасгалжуулагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгуулав. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь манай баг тамирчдын хувьд "Парис-2024" олимпийн наадмын албан ёсны арга хэмжээний эхлэл гэж үзэж байгаа юм. Үндэсний шигшээ багт шалгарсан тамирчдаа ард түмнийхээ өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тэмцээнд өндөр амжилт үзүүлэх мөн өөрийнхөө итгэл найдвар болоод мөрөөдлийг биелүүлээсэй гэж хүсч байна. Үндэсний шигшээ багт шалгарсан тамирчддаа халуун баяр хүргэе" хэмээжээ. Тус ёслолын үеэр тамирчдыг төлөөлж жүдо бөхийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн, боксын тамирчин, ОУХМ Монхорын Намуун, Пара пауэрлифтингийн тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара байт харвааны тамирчин, спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ, дасгалжуулагчдыг төлөөлж боксын дасгалжуулагч О.Батхүү, байт харвааны дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг, тэквондогийн дасгалжуулагч Т.Лхагвадорж, пара жүдогийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлж тангараг өргөв.
Гэрэл зургуудыг Э.Харцага