АНУ-ын Орегон мужийн Южин хотод энэ сарын 15-нд хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн ДАШТ эхэлнэ. Тэмцээнд 200 гаруй орны 2000 тамирчин өрсөлдөх юм. “Орегон-2022” дэлхийн аварга уг нь өнгөрсөн жил болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас, мөн Токиогийн олимпын наадамтай давхацсан тул хойшлуулсан. Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулах америкчууд энэ төрөлд медалийн тоогоор тэргүүлдэг, амжилтаараа ч аархдаг. Хөнгөн атлетикийн дэлхийн аваргаас атгасан медалийн тоогоор АНУ (170 алт, 117 мөнгө, 94 хүрэл, нийт 381 медаль), Кени (60, 50, 41, нийт 151), ОХУ (42, 52, 48, нийт 142), Герман (38, 36, 47 нийт 121), Ямайка (35, 49, 43, нийт 127) улс айргийн тавд жагсдаг.
Дэлхийн аваргад хүссэн болгон бас оролцдоггүй. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны гаргасан шалгуурыг биелүүлсэн, дэлхийн аварга цолыг эзэмшиж буй, өнгөрсөн жилийн “Алмаазан лиг”-ийн аварга, чансааг тэргүүлж буй тамирчид хурд сорьдог. “Орегон-2022”-д Монголын дөрвөн шилдэг марафонч “тоосоо өргөнө”. Тухайлбал, эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, Азийн аварга Б.Сэр-Од, мөн Ц.Бямбажав, Д.Гантулга (эрэгтэйчүүдийн марафонд манайхан Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны шалгуурыг биелүүлсэн боловч нэг зай, төрөлд нэг улсаас гурван тамирчин оролцох эрхтэй), эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нарын удирдлагад оролцох юм. Эрэгтэйчүүдийн марафон 17-нд, эмэгтэйчүүдийнх 18-нд 06.00 цагт гараанаас гарах нь. Тэмцээнийг тус улсын “NBC sports” суваг шууд дамжуулна.