НҮБ-аас дэлхий дахинд тогтвортой хөгжлийн 17 зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу улс орнууд хөгжлийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлж буй. Дээрх 17 зорилтын дөрөвдүгээрт “Чанартай боловсрол олгоно” хэмээн заасан. Уг зорилтын дагуу манай улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй тус төсөлд Хэнтий, Ховд, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон аймаг болон Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 30 сургуулийг хамруулж буй юм.
Манай улс хувьсан өөрчлөгдөж буй боловсролыг судалж, хэлэлцүүлж, улмаар саналаа нэгтгээд ЮНЕСКО-д танилцуулах юм билээ. Үүний хүрээнд “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулганыг өнгөрсөн сарын 28-30-нд Орхон, Булган аймагт зохион байгууллаа. Чуулганы үеэр хуванцар сав ашиглахгүй, зөвхөн орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хоолоо үлдээлгүй идэх, холбогдох материалуудыг дахин боловсруулсан цаасан дээр хэвлэх, хогоо зориулалтын саванд хаях зэрэг тогтвортой хөгжлийн боловсролд хамаарахуйц шаардлага тавьсан нь онцлог байв. Чуулганы үндсэн илтгэлийг БШУЯ-ны мэргэжилтэн Д.Мянган “Ирээдүйн боловсролын тухай дахин төсөөлөх нь” сэдвээр тавьсан. 2030 он гэхэд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн 50 орчим хувийг хиймэл оюун ухаантай робот хийнэ гэсэн олон улсын судалгааны үр дүн гарчээ. Тиймээс асар хурдан хувьсан өөрчлөгдөж буй нийгэмтэй уялдуулж, олон улсын чиг хандлагад нийцсэн хөгжлийн стратеги боловсруулж батлах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага манай улсын боловсролын асуудал эрхэлсэн яамны өмнө тулгарч буй. Улмаар тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлагыг түгээх шаардлагатайг Д.Мянган хэллээ.
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ЮНEСКО-гийн Үндэсний комисс, Орхон, Булган аймгийн ЗДТГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МУБИС, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МҮОНРТ, “Амгалан дэлхий” ТББ-ынхан эл чуулганд оролцсон юм. Энэ үеэр Байгаль орчны явуулын мэдээллийн төвийг Орхон аймагт нээж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Ийм төв байгуулсан нь манай улсын хэмжээнд анхны тохиолдол аж. Орхон аймагт 26 сургууль, 39 цэцэрлэгт 30 000 гаруй хүүхэд суралцдаг. Ирэх намраас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, сургуулиудтай хамтраад 30 000 хүүхдийг хамарсан нөлөөллийн ажил эхлүүлэх гэнэ. Тухайлбал, сурагчдад нэн тэргүүнд технологид суурилсан мэдээлэл түлхүү өгч, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван чиглэлээр боловсрол олгох юм байна. Ингэснээр хүүхдүүд мэргэжлийн тоног төхөөрөмж дээр ажиллаж, хөрс, усаа өөрсдөө шинжилдэг болно. Мөн ан амьтан, биологийн төрөл зүйлүүдийг газар дээр нь судалж сурах аж. Үүнээс гадна байгалийн нөөц баялгийг ашигладаг, улмаар экологид ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг байгууллагуудад мэдээлэл өгөхөөр зорьж буй гэнэ.
Чуулганд оролцож буй, тогтвортой хөгжлийн төлөөх 30 загвар сургуулийнхантай уулзлаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн захирал П.Амгалан “Манайх 2019 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлсэн. Төслөө өөрсдөө бичиж, шалгарсан юм. Улмаар сургуулийн тогтмол үйл ажиллагааны зардлыг хэмнэх зорилгоор улайссан шилэн гэрлийг халж, бүх анги танхим, өрөөгөө лед гэрэлтэй болгосон. Мөн сурагчдад эрчим хүч хэмнэх энгийн ойлголт өгч, ядаж л өрөөнөөс гарахдаа гэрэл унтраах дадал суулгалаа. Ингэснээр сүүлийн улиралд гурван сая төгрөг хэмнэсэн” хэмээв. Тус сургуулийн 12б ангийн сурагч О.Дорждэрэм “Манай сургууль дунд, ахлах ангийнханд “Электрон жаал” сургалт явуулдаг. Ингэснээр цахилгаан эрчим хүчний талаар олон талын мэдлэгтэй болсон. Тогтвортой хөгжлийн бодлогоор бага ангиудад ч насанд нь тохирсон хичээл заадаг” хэмээн сурснаа хуваалцлаа. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хувьд хогоо ангилах, дахин боловсруулах санаачилга гаргахад орон нутгийн удирдлага нь дэмжсэн аж. Уг санаачилгыг нь сумын хэмжээний ажил болгон амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа тэд хуваалцсан юм.
Чуулганы дараагийн үйл ажиллагаа Булган аймгийн Хялганат тосгонд үргэлжилсэн. Төслийн хүрээнд тус тосгоны ерөнхий боловсролын сургуулийнхан эко зуслан, сургалтын төв байгуулжээ. Зуслангийн анхны амрагчид нь чуулганы төлөөлөгч, жишиг 30 сургуулийн хүүхдүүд байлаа. Хялганат тосгоны захирагч А.Сод-Эрдэнэ “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг орон нутагт хэрэгжүүлэгч болох “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ-ын зөвлөмж, зөвлөгөөний дагуу эко зуслан байгуулж, ашиглалтад орууллаа. Зусланг байгуулахад багагүй хөрөнгө шаардагдсан. Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичин өгч, санхүүжилтийн анхны эх үүсвэрээ олсон. Улмаар дахин дэд төсөл бичиж, нийт 30 орчим сая төгрөгийн санхүүжилт авсан. Үүндээ урамшаад Булган аймгийн ЗДТГ-т хүсэлт гаргаж, санхүүжилтийн дэмжлэг авлаа. Мөн Хялганат тосгоны иргэд, аж ахуйн нэгжүүд ч тусалсан. Эко зуслан зургаан байртай, нэг ээлждээ 48 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Сурагчдад экологийн боловсрол олгохоос гадна монгол ахуйн хичээл заадаг. Мөн гадаад хэлний вакум сургалтад хамруулна. Гэхдээ сурагчдыг хэт их хичээлээр шахахгүй, сүү, цагаан идээ боловсруулах зэрэг уламжлалт ахуй соёлтой танилцуулахад анхаарна. Хүүхдүүд хөдөлмөр хийх биш, үзэж, харж, танилцана. Цаашдаа Булган аймгийн нутаг дэвсгэрийн зүүн хойд бүсийн сумуудын хүүхдүүд амрах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байна” хэмээсэн юм. Эко зуслангийн нээлтийн дараа тогтвортой хөгжлийн 30 загвар сургуулийнхан төсөлд хамрагдсан үр дүнгээ үзэсгэлэн зохион байгуулж тайлагналаа.
Чуулганд оролцогч зарим хүнээс байр суурийг нь авснаа хүргэе.
А.Энхтогтох: Жижиг төсөл хэрэгжүүлэх сургуулиудыг 7.5 сая төгрөгийн дэмждэг
(Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн үндэсний зохицуулагч)
-“ТХБ-II” төсөл үндэсний хэмжээнд чуулга уулзалтыг 2021 оны цахимаар хийж байсан. Өмнөх чуулганаар оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг голлон анхаарсан бол энэ жил түншлэл, хамтын ажиллагаа, оролцоог эрчимжүүлэх тал дээр түлхүү ажиллалаа. Тиймээс оролцогчид, сургуулиуд бие биеэсээ туршлага судлах, сургуульдаа нэвтрүүлэх, аймгийнхаа бусад сургуульд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Чуулганы хоёр дахь өдөр үндсэн хэлэлцүүлгүүдээ ТХБ-II төслийн загвар 30 сургуулийн нэг Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн хичээлийн танхимд, мөн тус сургуулийн төслийн хүрээнд байгуулсан эко зуслан дээр хийсэн. Хичээлийн сургалтыг танхимаас гаргах санал санаачилгыг бодитой ажил, сайн туршлага болгосныг энэ төрөлжүүлсэн, гүнзгийрүүлсэн сургалттай эко зуслангаас судалж болно. “ТХБ-II” төсөл загвар сургуулиудад жижиг төслөө хэрэгжүүлэхэд нь тус бүр 7.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Үүн дээр орон нутаг мөн хэмжээний санхүүжилт олгодог.
Д.Хишигбуян: Багш нар бусад сургуульд ментор хийх түвшинд хүрсэн
(Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн зөвлөх)
-Үндэсний чуулганы хэлэлцүүлгээс гарсан саналуудаа нэгтгэлээ. Хэлэлцүүлгийн гол үр дүнд ТХБ-II төслийн хүрээнд ямар боломжууд бий болов, бид юунд хүрэв, цаашид бид олон чиглэлээр ТХБ-ыг монгол улсад дэмжин хөгжүүлэхэд юу хийх, яаж дэмжиж ажиллахаа ярилцлаа. Монгол улс ТХБ-ын зорилго, зорилтыг үндэснийхээ бодлогод баттай суулгаж чадсан нь бидний гол боломж. Өнөөдөр энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад ТХБ-II төсөл хувь нэмрээ оруулсан. Үүний жишээ нь бид өөрсдөө бодлогын түвшиндээ олон зүйлийг хийсэн. Орон нутгийн түвшинд загвар 30 сургуулийн жижиг төслөөр дамжуулан ТХБ-ыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх, багшийн үйл ажиллагаанд, хүүхдүүдийн сургалтад оруулах тал дээр өнгөрсөн хоёр жилд бодитой ажил өрнүүлж туршлага хуримтлууллаа. Одоо энэ туршлагаа гүнзгийрүүлж, түгээн дэлгэрүүлж сурталчилмаар байна. Үүний тулд орон нутагт түншлэл хамтын ажиллагаагаа сайжруулъя гэсэн саналууд гарсан. Багш нар бусад сургуульд ментор хийх түвшинд хүрсэн, ийм чадвартай болсон гэдгээ илэрхийлсэн.
Э.Шинэцэцэг: Төслийн үнэлгээний багийнханд ажлаа бүрэн дуусгах боломж олгохоор хугацааг нэг жилээр сунгалаа
(“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг орон нутагт хэрэгжүүлэгч “Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал)
-Сургуулиуд анх төсөл хэрэгжүүлэхдээ үнэлгээ гаргасан юм. Уг үнэлгээгээр тухайн сургуульд, орон нутагт тулгамдсан асуудлуудыг илрүүлсэн. Дараа нь тэдгээр асуудлыг шийдэхийн тулд юу хийхээ сургуулийн баг, орон нутгийн удирдлагатай хэлэлцсэн. Тэдний төлөвлөгөө, шинэ санааг төслөөс дэмжиж, санхүүжилт олголоо. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сум даяар халуун усны асуудалтай. Энэ нөхцөл байдал дотуур байрны хүүхдүүдийн хувийн ариун цэврээс эхлээд олон асуудалд нөлөөлөх хүчин зүйл болдог. Тус сумын сургууль энэ асуудлыг гаргаж тавьснаар шийдэх санхүүжилтээ төслөөс авсан. Үүгээрээ бид асуудлыг шийдэх эхлэлийг тавьж, арга зүй, аргачлалыг зөвлөн, түншлэх гарааг эхлүүлж буй юм. Сургуулиуд менежмент, удирдлагын түвшиндээ тогтвортой хөгжлийн боловсролыг тодорхой хэмжээгээр нэвтрүүлж байна. Энэ зарчим, менежментийг цаашид бусад сургуульд нэвтрүүлж, нутагшуулах хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жил цар тахалтай нүүр тулсан учраас төслийг хэрэгжүүлж амжаагүй хэсэг ч бий. Тиймээс төслийн үнэлгээний багийнханд ажлаа бүрэн дуусгах боломж олгохоор хугацааг нэг жилээр сунгалаа.
Чуулганы хүрээнд таван салбар хуралдаан зохион байгуулж, багш, сурагчдад “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт”, “Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Нэг зүйлийг онцлоход, сурагчид салбар хуралдаанаа бие даан зохион байгуулсан. Улмаар хүүхэд бүр саналаа хэлж, хурлын тэмдэглэлээ БШУЯ-ны удирдлагад хүргүүлжээ. Чуулганы төгсгөлд төслийн олон улсын зөвлөх Мита Нангия Госвами “Тогтвортой хөгжлийн бодлогын чиглэлээр Монгол Улсыг манлайлагч гэж би үздэг. Үүний нэг баталгаа нь ЮНEСКО-гоос гаргасан Тогтвортой хөгжлийн бодлогын арга аргачлалын олон улсын эмхэтгэлд тусгасан тэргүүлэх таван чиглэлийн хоёрыг нь Монгол Улс амжилттай хэрэгжүүлж, жишгээр нэрлэгдсэн явдал юм. Мөн чуулганаар хийж бүтээсэн ажлаа нүүр бардам хэлэлцэж байгаа нь бас нэгэн бодит жишээ билээ” хэмээн дүгнэв.