УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Олон улсын тээврийн харилцаанд оролцоё гэвэл заавал энэ хэлэлцээрт нэгдэх ёстой. Энэ хэлэлцээрт нэгдээгүйн улмаас Монголын тээвэрчид явж чадахгүй байгаа. Тухайлбал, ОХУ нутаг, цаашлаад Европ руу ороод хяналтын төхөөрөмжгүй гээд торгуулж байгаа. Торгууль нь 100-500 ам.доллар байдаг. Энэ хэлэлцээрт нэгдэж орж тээвэр хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж суурилуулна. Хяналтын төхөөрөмж суурилуулалтыг нь хариуцсан, баталгаажуулах байгууллага байх ёстой. Энэ хэлэлцээрт нэгдэж орсноор Монголын тээвэрчдэд олон давуу тал үүснэ. Европ, Монголын хооронд 2016 онд 1404 удаагийн тээвэр хийгдсэн. Үүний нэг хувь нь монгол жолооч байсан. 2019 онд 2558 удаагийн тээвэрлэлт хийсний 15 хувь Монголын тээвэрчид байсан. Бид цаашдаа бүс нутаг болон олон улсын тээвэрт оролцох монгол жолооч нарыг нэмэгдүүлэх үүднээс Европын хэлэлцээрт орох нь зүйтэй гэж үзсэн. Одоо явж байгаа тээврийн хэрэгслүүдээс ОХУ, Европ руу ороход хяналтын төхөөрөмж, даатгалын ногоон картын систем гэсэн хоёр зүйл шаардаж байгаа. Тиймээс энэ шаардлагыг нь албан ёсоор хангахаар хуулийн төсөл оруулж ирсэн.
Дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянана. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Автотээврийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй тул хяналтын асуудлыг хуулийн төсөлд нэмж оруулсан. 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудад ийм хяналтын төхөөрөмжүүд байдаг. Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын хэлэлцээрт нэгдэн ороход хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй. Олон улсад тээвэр хийх машинуудыг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулж ирэх эрхийг олгоно. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмжийг оруулж ирүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Харин Автотээврийн үндэсний төв дээр итгэмжлэгдсэн лабораторийг байгуулаад хэдэн жил болж байгаа тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ.
Энэ хэлэлцээрт нэгдсэнээр манай тээвэрчид ямар нэгэн дарамт шахалтад өртөхгүй, торгууль төлөхгүй явна. Европоос Монгол хүртэл нэг талдаа 12-14 хоног явдаг. Өнөөдрийн байдлаар олон улсын тээвэр хийх эрхтэй 500 гаруй тээврийн хэрэгсэл байна" гэсэн юм.