Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Казахстаны Алматы хотод болсон Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох цомын тэмцээний дараа эрэмбээ шинэчиллээ. Шинэчилсэн чансаанд Монголын тамирчдаас ОУХМ Т.Тулга 65 кг-ын жинд дэлхийн чансааг анх удаа тэргүүлж байна. Тэрбээр тус тэмцээнд алтан медаль хүртсэнээр 61 500 оноотой болж I байрт жагсав. Тэгвэл эмэгтэйчүүдээс 53 кг-д Туркийн Истамбулд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан тэмцээнээс хойш чансааг тэргүүлж буй Б.Болортуяа Алматыгийн дэвжээнд аварга болж, Японы Акари Фүжинамиг 9200 оноогоор “хол хаяв”.
Тэрбээр өдгөө 64 200 оноогоор мөн тэргүүллээ хадгалж үлджээ. Шилдэг 10-т эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга найм (25 000), 97 кг-д Ө.Батзул тав (36 100), 125 кг-д М.Лхагвагэрэл дөрөв (70 600), эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал зургаа (46 400), Ц.Намуунцэцэг ес (36 000), 57 кг-д Э.Даваачимэг найм (31000), Б.Шоовдор дөрөв (35 000), 62 кг-д Э.Гантуяа долоо (36 200), 68 кг-д С.Батцэцэг найм (23 000), 72 кг-д Э.Даваанасан тавдугаар байрт (26 250 оноо) эрэмбэлэгджээ.