Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпын наадам буюу дифлимп Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. 24 дэх удаагийн дифлимпийн чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлагад гурван тамирчин өрсөлдсөн юм. Тэднээс Н.Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр анх удаа дифлимпийн аваргатай боллоо. Н.Эрхэмбаяр өмнө нь “Самсун-2017” дифлимпээс мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ удаагийн дифлимпэд тэрбээр шөвгийн наймд Какахстаны Пернешийг ялж, хагас шигшээд өмнө нь Самсунд ялагдаж байсан Ираны бөх Ростамабадийг 9:1-ээр буулган авчээ. Аваргын төлөө Киргизийн тамирчин Исаковыг ялсан байна. Түүнээс гадна өмнө нь дифлимпээс мөнгөн медаль хүртэж байсан Д.Чинзориг 70 кг-ын жинд долоо, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д тавдугаар байр эзэлжээ.
Ташрамд дурдахад, дифлимпийг олимпын наадмын адил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Үүнээс өмнө 2009 онд Гавьяат тамирчин Д.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг эх орондоо авчирч байжээ. Тэгвэл ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр дифлимпийн хоёр дахь аварга боллоо.