Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2022” Азийн АШТ өчигдөр эхэллээ. Монгол Улс үүнээс өмнө 2001 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Түүнээс хойш 21 жилийн дараа Азийн АШТ манайд болж буй нь энэ. Тус тэмцээн сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын жингийн барилдаанаар “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн юм. Энэ удаа Азийн аваргад Энэтхэг, Казахстан, Киргиз, Узбекистан, Иран, Японоос алдартай тамирчид, хүчирхэг багаа илгээжээ. Тухайлбал, Узбекистаны шигшээ багаас эмэгтэйчүүдийн 55 кг-д Сарбиназ Жиенбаева, Энэтхэгээс ДАШТ-ий хүрэл (2019 он), “Жакарта-2018” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальт Винеш Фогат, Японоос залуучуудын дэлхийн аварга (2018), залуучуудын Азийн хошой аварга (2018, 2019) Үми Имаи нар ирж зодоглосон нь олны сонирхлыг татаж байлаа. Чөлөөт бөхөөр тивийн тэмцээнүүдэд тогтмол оролцдог БНХАУ, Тайванийн шигшээ багийнхан энэ удаа манай улсад хараахан ирж амжсангүй. Энэ нь Монгол, БНХАУ-ын хоорондын хилийн боомтуудыг нээгээгүй байгаатай холбоотой. Уг нь өмнөд хөршийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байсан юм. Тухайлбал, эмэгтэйчүүдээс чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Ниннин Рон, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Цианю Пан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живей, ДАШТ-ий хүрэл медальт Хайтао Сиан, эрэгтэйчүүдээс сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Валихан Салике нар тивийн аваргад өрсөлдөхөөр байв.
Монголын 28 тамирчин эх орныхоо дэвжээнд тивийн шилдгүүдтэй хүч сорьж байна. Эрэгтэйчүүдийн 63 кг-д өчигдөр Д.Балжинням Ираны Имам Хусейн Мохаммадид 4:12, 77 кг-д О.Сүлдхүү Японы Кодаи Сакүрабад 0:9, 130 кг-д Д.Хүдэрбулга Японы Арата Сонодад 1:7-гоор ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэн, үзэгчдийн суудалд шилжив. Тэгвэл 55 кг-д 2019 оны 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Даваабанди Энэтхэгийн Аржун Халакурки, 87 кг-д “Женко” клубийн Л.Батбаяр мөн тус улсын Сунил Кумартай хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдлаа. Сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг-ын жинд зодоглох бөхчүүдийн барилдаан өнөөдөр болно.