Нэгэн сурагчийн ээж манай сайтад хандаж багшийн ёс зүйгүй үйлдлийн талаар гомдол ирүүлсэн юм. Сурагчид дахин дарамт шахалт ирэхээс сэргийлж, охины нэр сургуулийг нь нууцлав.
Ээж хэлэхдээ “Манай охин энэ жил 12 дугаар ангиа төгсөнө. Бид Германы их, дээд сургуульд орохоор бэлтгэж буй. Таван хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийг цаад сургуулиас нь шаарддаг юм байна. Охин минь нэг шалгалтаа орос хэлний мэдлэгээр өгөхөөр сонгожээ. Гэтэл багш “Чи орос хэлдээ хангалттай сайн оноо авч чадахгүй учир ЭЕШ өгөөд дэмий” гэх хариултыг өглөө.
Багштайгаа чатласан чатыг нь уншиж үзээд сургуулийнх нь менежертэй утсаар холбогдож, асуухад “Заавал нэг багшийн давтлагад яв. Үгүй бол орос хэлний шалгалтад оруулахгүй. Сайн оноо авч чадахгүй бол сургуулийн онооноос хойш татна. Нэгэнт л энэ сургуульд сурч, төгсөх гэж байгаа бол сургуулийнхаа болон багшийнхаа нэр хүндийг бодох ёстой, тиймээс цөөн хичээлээр өг” гэжээ.
Бид хувиараа бэлтгэж буй. Багш хөлслөх, ямар хичээлээр шалгалт өгөх, эсэх нь хувь хүний эрх байх ёстой. Уг нь сургуулийн сургалтын чанартаа анхаарвал, асуудлыг шийдэж болох байтал, ийм шаардлага тавьсан нь хүүхдийн маань ирээдүйг золиослож байгаатай ижил зүйл юм” гэв.
Хүүхдийн хүсэл зоригоос үл хамаарч, ямар нэгэн сургалтад суухыг шаардах нь ёс зүйгүй үйлдэл юм
Энэхүү гомдлын дагуу Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Сурагч хэдэн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхтэй вэ?
-Сурагч өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн хамгийн багадаа хоёроос дээш хэдэн ч хичээлээр шалгалт өгөх эрхтэй. Шалгалт өгөх хичээлээс ямар мэргэжилтэй болох нь хамаардаг. Жишээлбэл, Математик, физикийн хичээлийн шалгалт өгч инженер болох боломжтой. Англи хэлний шалгалт нэмж өгвөл, эдийн засагч, нийгмийн ухааны хичээл нэмэгдэхээр эрх зүйн чиглэлээр суралцах боломж нээгдэнэ. Тиймээс сурлагын амжилтаар дүгнэж, тухайн сурагчийн сонгох эрхэд нөлөөлж болохгүй
-Сурагч заавал аль нэг багшаас давтлага авах ёстой юу?
-Коронавирусийн цар тахлын улмаас боловсролын салбарт урт хугацааны сурлагын болон агуулгын хоцрогдол арилгах хэрэгцээ бий нь үнэн. Гэхдээ хүүхдийн хүсэл зоригоос үл хамаарч, ямар нэгэн сургалтад суухыг шаардах нь ёс зүйгүй үйлдэл юм.
-“Сургуулийн нэр хүндийг бод” гэсэн хандлагаар дээрх шаардлагыг тавьж буй бололтой. ЭЕШ-ийн оноогоор сургуулиудыг эрэмбэлдэг юм уу?
-Зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтаар сургуулиудыг үнэлдэггүй гэдгээ хатуу байр суурьтай илэрхийлье. Мэдээж шалгалт дууссаны дараа дүн оноог нийтэд зарладаг. Сургуулиуд өөрсдөө оноогоо жагсааж, эрэмбэлчихдэг нь сүүлийн жилүүдэд энгийн үзэгдэл болсон. Үүний цаана аливаа бизнесийн үйл ажиллагаа, нэр хүнд, ашиг сонирхол яригддаг байж болно. 400-600 сурагчийг төгсгөж байгаа том хэмжээний цогцолбор сургуулийг, 10 сурагч төгсөж байгаа хувийн сургуультай харьцуулах нь өрөөсгөл ойлголт.
-Тэгвэл сургуулиудыг ямар үнэлгээгээр эрэмбэлдэг юм бэ?
-Норм болон шалгуурт суурилсан үнэлгээ гэж бий. Эхнийх нь хувь сурагчийн мэдлэг, чадвараас хамааралтай. Сүүлийнх нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан боловсролын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буйгаар үнэлдэг шалгуур үзүүлэлт юм. Сурагчийн эзэмшвэл зохих чадварыг бүх хүүхдэд жигд сургасан байдлыг үнэлж эрэмбэлж болно.
-Дээрх кэйс тохиолдсон сурагч заавал багшаар дамжуулж ЭЕШ-ийн бүртгэл сонголтоо хийх ёстой юу?
-ЭЕШ-ийн бүртгэл цахимаар явагдаж байна. Хүсвэл Бүртгэл мэдээллийн төвийн https://eyesh.eec.mn/ цахим сайтад хандаж, хэдэн ч хичээл нэмүүлж болно. Заавал хэн нэгний шахалтад орж, өөрийн хүсэл зоригоос ангид зүйл хийх шаардлагагүй. Хэрвээ энэ үйл явдлын дараа сурагчид ямар нэгэн дарамт шахалт үзүүлбэл, дараагийн өөр шатны байгууллагад хандах эрх нь нээлттэй.
ЭЕШ-ийг ямар хичээлээр өгөхийг багш нар шийддэг асуудал нийгэмд энгийн үзэгдэл болжээ. Уг нь бид багш нарт сургалт, семинар, онлайн уулзалтын үеэр ийм зүйл байж болохгүй байнга давтан сануулж хэлдэг. Гэвч энэ хандлага өөрчлөгдөхгүй байсаар байна.