Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн ярьснаар багш нарын үндсэн цалин нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж, 1-1.3 сая болох ёстой байв. Гэтэл хоёрдугаар сар дуусаж байхад уг амлалт биеллээ олоогүйд хэмээн багш нар унтууцаж байна. Энэ асуудлыг тодруулахаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Д.Саранцэцэгээс тодрууллаа.
-Багш нар нэгдүгээр сарын нэмэгдэл цалингаа аваагүй гэсэн гомдол гараад байсан. Энэ асуудал шийдвэрлэгдсэн болов уу?
-Багш нарын цалинг нэмэх чиглэлээр БШУЯ бүх тооцооллыг хийчихсэн. 2022 оны төсөвт ч тусгачихсан. Хэлсэн хугацаандаа хэрэгжээгүйн гол шалтгаан нь Засгийн газрын тогтоол гараагүйтэй холбоотой. Хэрвээ тогтоол ирэх гуравдугаар сард гарахгүй бол одоогийн байгаа цалинг нэмж тооцох, үр дүнгийн урамшууллыг тусад нь олгох саналыг салбарын яамнаас дэвшүүлээд байгаа юм билээ.
-Үйлдвэрчний эвлэлээс ямар шаардлага тавьж буй вэ?
-Өнгөрсөн даваа гарагт буюу хоёрдугаар сарын 21-нд жагсаал цуглаан хийхээр холбогдох газар бичгээ хүргүүлж, хариугаа авсан. Баасан гарагт БШУЯ-тай хэлэлцээр хийхээр тохиролцсон учраас жагсаалаа түр хойшлуулсан. Бид цалин хөлсний тооцооллыг дахин хэлэлцэж, 2022-2023 оны цалинг хэдий хэмжээгээр нэмэхийг эцсийн байдлаар тохиролцохоор болсон. Манай талаас 40-50 хувь нэмнэ гэдэг саналыг хэлэлцээртээ оруулсан. Энэ тооцоололыг өнөөдөр хийхээр яамныхан хамт ажиллаж байна.
-Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Багш нар гар дээрээ дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?
-ЕБС-ийн багш нар 750-850, СӨБ-ийн багш нар 820-935 мянган төгрөгийн цалин авч байна. Үндсэн цалин дээрээ ур чадварын 25, зэргийн нэмэгдэл 20 хувь авдаг. Мөн таваас дээш ажилласан бүх багш 5-25 хувийн нэмэгдэл цалин авдаг. Жишээлбэл, 900 мянган төгрөгийн цалинтай багш сард доод тал нь 45, дээд тал нь 200-гаад мянган төгрөг нэмж авдаг. Түүнчлэн анги даасан багш 10, кабинет хариуцдаг багш таван хувийн нэмэгдэл авдаг. Шинээр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгож байгаа.
-Илүү цагийн нэмэгдлийн тухайд дэлгэрүүлэн ярьж өгөөч.
-Уг нь Хөдөлмөрийн хуулиараа өдөрт найман цаг, сард 176 цаг ажиллах ёстой. Туслах үндсэн багштай адилхан 10 цаг ачаалалтай ажилладаг боловч, илүү цагийн хөлс авдаггүй. Үндсэн багш 33 хоног амардаг байхад, туслах 15 хоног амардаг байна. Энэ асуудлаар Үйлдвэрчний эвлэлд асуудал дэвшүүлж, Боловсролын тухай хуульд тусгасан.
-Илүү цаг, анги даасан, кабинет хариуцсан, бүлэг дүүргэлтийн стандартаас давсан хүүхэдтэй ажилласан багшид нэмэгдэл олгож байгаа юу?
- Норм хэтэрсэн хүүхэдтэй анги даасан, секц дугуйлан хичээллүүлдэг багш нарт нэмэгдэл цалин олгох заалтыг яамтай хийх хэлэлцээрт тусгасан.
-Цэцэрлэгийн туслах нь үндсэн багшаас бага цалинтай ч тэдэнтэй ижил 10 цаг ачаалалтай ажилладаг гэсэн гомдол байдаг. Туслах болон үндсэн багш нарын одоогийн цалин хэдэн төгрөг байдаг вэ?
-Туслах багш 590-665, үндсэн багш 850 мянган төгрөгийн цалинтай. Гэхдээ туслах багш хүүхдүүдийг хичээлд бэлддэггүй, төлөвшүүлэх, сургах үйл ажиллагаанд туслан гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Тиймээс цалингийн хувьд ялгаатай байж болно. СӨБ-ийн багш нар өдөрт 10 цаг ажилладаг учраас хуучин илүү цагийн мөнгө 300 мянган төгрөг авдаг байсан. Одоо шинэ хуулиараа 500-600 мянган төгрөгийн цалин авч байна. Хэрвээ ээлжийн багшгүй тохиолдолд цэцэрлэгийн багш 1.3 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Багш нарын цалинг нэмэх Засгийн газрын тогтоол гарчихвал үндсэн багшийн цалин 2 саяд ч хүрэх боломжтой.
-Орон нутагт ажиллаж байгаа болон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалингийн хэмжээ хэд вэ. Нэмэгдсэн үү?
-Орон нутагт ажиллаж байгаа багш нар таван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал авдаг. Дээр нь орон нутгийн 8-10 хувийн нэмэгдэл бий. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш нар Засгийн газрын тогтоолын дагуу нэмэгдэл хөлс авдаг. Гэхдээ бүхий л багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх заалтыг хамтын хэлэлцээрт тусгаад байна.