ЕБС-ийн сурагчдыг шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан, эрүүл аюулгүй үдийн хоолоор хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2022-2025 онд Жайкатай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо.
Япон улс нь сургуулийн хоолны хуулийг 1954 оноос хэрэгжүүлж буй туршлагатай улс юм. Манай улсын тухайд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан .
Боловсрол, шинжлэх ухааны яам, ЖАЙКА олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлэх уг төслийн үр дүнд сургуулийн үдийн хоолны үйлчилгээ, хүүхдийн биеийн хөгжил болон тэдний гэр бүлд хэрхэн нөлөөлж буйг шинжлэх ухааны үндэстэйгээр судлан нотлох, монгол орны газар зүйн онцлогт тохирсон хүнсний хангамжийн ложистикийг бэхжүүлэх сайн загвар гарах юм.
Төслийн үр дүнд:
- Олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин , хоол үйлдвэрлэлийн ажилчид чадавхжих, үдийн хоолны цэс сайжирна.
- Орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо, хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал сайжирна.
- Эрүүл, аюулгүй үдийн хоолоор хангахад оролцогч захиргааны байгууллагын хүний нөөц чадавхжина.
Дашрамд дурдахад, ЖАЙКА олон улсын байгууллага Монгол улсад сайн дурын ажилтан илгээсний 30 жил, Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоогоод 50 жилийн ой энэ жил тохиож байна.