Гэр хороололд амьдарч буй 0-4 насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын төвийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байгуулжээ. Энд тэдний асран хамгаалагчид бага насны хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих талаар сургалтад хамрагдах боломжтой юм байна.
Одоогийн байдлаар 1155 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, 439 асран хамгаалагчийг сургажээ.
Төвийн зүгээс бага насны хүүхдийг асрангаа хэрхэн хөгжүүлэх талаар цуврал контентыг бэлтгэж хүргэсэн. Мөн олон нийтэд нээлттэй платформыг хөгжүүлж байгаа аж.
Тус сургалтын төвийн үйл ажиллагаатай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцах үеэрээ "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сайн туршлагыг цаашид хэрэгжүүлж, сургалтын хувилбарт аргыг бий болгох ёстой. 0-3 насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр удахгүй батлагдана. Энэ насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүл, эцэг эхийн дэмжлэг чухал учир асран хамгаалагчдад зориулсан хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт хэрэгтэй" хэмээв.
Энэхүү төвийг “Onesky” олон улсын байгууллагын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна.