“Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх судалгаа хийж буй. Улмаар өөрийн хуримтлуулсан туршлагыг харьцуулах зорилгоор Японы судлаач Сако Хидэказүгийн бичсэн “Сургуулийн менежмент” номыг орчуулах санаачилга гаргажээ. Уг номд япон эрдэмтний биечлэн туршиж, хэрэгжүүлсэн сургуулиудын менежментийг сайжруулах чухал санаа, бодит туршлагын талаар өгүүлснээрээ онцлог. Номыг Б.Бэлгүн, Ц.Онон нар орчуулж, Ж.Галбадрах, Ц.Одонтуяа нар редакторлажээ. Уг номын нээлт өнгөрсөн бямба гарагт болсон юм.
Номын нээлтэд Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл, нийслэлийн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нэртэй академич нар оролцож, номын талаар санал, шүүмж хэлж, амттай яриа өрнүүлсэн. Мөн номын зохиогч Сако Хидэказү арлын орноос цахимаар оролцсон юм. Сако Хидэказү Япон улсын Токүшима аймгийн Нарүто Боловсролын их сургуульд багшилдаг. Тэрбээр “Багш ганцаараа сайн байгаад хангалтгүй, хамтын ажиллагаа чухал. Би эл номд сургууль бүр алсын хараатай байх талаар бичсэн. Мөн тэрхүү алсын хараа, хэтийн зорилгыг бүх багш мэддэг байх учиртай. Хоёрдугаарт, багш бүр туршлагаа бусдад хэлж ярьж түгээж, хуваалцаж байвал сургуулийн менежмент сайжирна. Би удаан судалсны эцэст лабораторидоо модуль боловсруулсан. Улмаар уг модулио сургуулиудад туршсан. Ингээд бодит амьдрал дээр гарсан алдаа, оноо амжилтаа номд бичсэн. Энэ номоос Монголын багш нар суралцаасай” хэмээн ярьсан. Түүнчлэн номын нээлтэд ирсэн сургуулиудын удирдлага эрдэмтэд судлаачидтай нээлттэй ярилцаж, орчин үеийн сургуулийн менежментийн талаарх мэдлэгээ зузаатгаж, тархиа “цэнэглэсэн” билээ. Мөн “Шинэ Монгол” сургуульд хэрэгжүүлсэн менежмент дээрх номд бичсэнтэй таарч байсныг багш, судлаачид онцолж байсан. Тэгвэл Ж.Галбадрах багш амжилттай туршсан менежментээ бусад сургуулиудад ч хэрэгжүүлэхийг хүсжээ. Түүний үзэж буйгаар Монгол, Япон аль ч улсад ялгаагүй, боловсрол бол тухайн орон хөгжихийн үндэс гэнэ. Одоо Ж.Галбадрах докторын санаачлан, хэрэгжүүлж буй төслийг талаар мэдээлэл өгье.
Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төв ТББ-аас Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлээд хоёр жил болж буй. Төслийг эхлүүлэхээр санал авах үед нийслэл болон хөдөөгийн 117 сургуулиас хамрагдах хүсэлтээ илрүүлсэн байна. Харин төслийг баг нийслэлийн 52, 97, 72 болон Гүн галуутай цогцолбор сургууль, хөдөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV, Сүхбаатар аймгийн II, Булган аймгийн Баяннуур сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийг сонгон менежментийг нь сайжруулахаар ажиллаж буй. Цаашид гурван жил хэрэгжүүлэх аж.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн захирал Б.Нарангэрэл “Манай сургууль байгуулагдаад тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд цөөнгүй бэрхшээлтэй асуудал тулгарсан. Харин манай сургуулийнхан төсөлд хамрагдсанаар тодорхой ахиц, өөрчлөлт гарлаа. Нэн тэргүүнд сурагчдыг үед хуваах менежмент хэрэгжүүлсэн. Мөн багшийг хөгжүүлэхэд анхаарсан. Улмаар тэднийг багт нэгтгэсэн. Хүүхдүүдийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа идэвхжсэн. Үр дүнд нь манай сургуулийн газар зүй, биологийн багш Монголын шилдэг болж, 100 сая төгрөгөөр шагнуулсан. Тэр багш хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө “Өмнө нь зөвхөн би шилдэг гэж ойлгодог байсан. Одоо бид гэсэн хандлагаар ажил үүргээ явуулж байгаа. Багш нар хамтаараа ажилласан нь намайг энэ амжилтад хүргэсэн” хэмээн онцолсон. Өмнө нь зөвхөн удирдлага бодлого гаргаж, багш нар хүүхдүүдэд хэрэгжүүлэх зарчмаар ажилладаг байв. Одоо багаар ажиллаж, хүүхдүүдээ нэн тэргүүнд судалж байна. Улмаар хүүхдийнхээ онцлогт тохируулж, алсын хараа, бусад загвараа баталдаг болсон. Хүн бүрийн оролцоотой менежмент хэрэгжүүлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийн зөвлөхөөр Ц.Одонтуяа ажиллаж байна. Тэрбээр, “Хувийн сургуулийн бий болгосон практик туршлага ч нийт улсын сургуульд хэрэгжүүлж болох нь уу гэдгийг үзэхийн тулд эхний ээлжид хот, хөдөөгийн найман сургуульд сонгоод төслөө хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Шинэ монгол” хувийн сургуулийг амжилтад хүргэсэн туршлага, зөв менежментийг улсын сургуулиудад туршиж эхэлсэн. Үнэхээр амжилттай хэрэгжих юм бол аль болох өргөн хүрээнд төслөө үргэлжлүүлнэ. Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа төрийн өмчийн сургуулийн гарсан сайн өөрчлөлтүүдийг загварчилсан гарын авлага, өврийн дэвтэр гаргана. Боловсролд хийж буй туршилтын үр дүнд удаан гардаг. Эхлээд удирдлага манлайлж, дараа нь багш нар өөрчлөгдөж, тэгээд хүүхэд дээр үр дүн илэрнэ. Бидний харж буйгаар үр дүн гарна. Төсөл хэрэгжүүлж буй сургуулиудад өөрчлөлт гарч ч байна. Тухайлбал, улсын зарим сургуулийн удирдлага ямар нэг төлөвлөгөө гаргаад ханандаа хадаад мартдаг байсан. Одоо багш нартайгаа хамтарч хэрэгжүүлж эхэлсэн” гэв.
Төслийн үр дүнд багш нар хамтарсан илтгэл бичиж, нэг зүйлийг тал талаас нь судалж, бүгд нийлж, асуудлаа давж гардаг болжээ. Мөн Монголд үеийн систем гэж бий. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр ангийн таван бүлэг байна гэж тооцъё. Тэгвэл тухайн нэгдүгээр ангийн таван багш анги хоорондоо өрсөлдөх бус, хамтарч ажилладаг болжээ. Энэ нь эцэстээ хүүхдүүдийн сурлага сайжирч, хандлагад ахиц гарахад эерэгээр нөлөөлсөн байна. Товчхондоо, төсөлд хамрагдаж буй сургуулиудын удирдлага багш нар баг болж, хүүхдүүдийнхээ асуудал, хүсэл сонирхлыг нэгбүрчлэн судалж, амьдралд гарсан өөрчлөлтийг нь ажиглаж, хариу арга хэмжээ авч ажилладаг болсон аж.