Нийслэлийн 52, 72, 97 дугаар сургууль, “Гүн галуутай” цогцолбор, орон нутгаас Сэлэнгийн IV, Сүхбаатар аймгийн II, Булганы Баяннуур болон Өмнөговийн Цогт-Овоогийн ерөнхий боловсролын сургуульд менежмент сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Төсөлд хамрагдаж буй сургуулиудын удирдлага багш нар баг болж, сурагчдынхаа асуудал, хүсэл сонирхлыг нэгбүрчлэн судалж, амьдралд нь гарсан өөрчлөлтийг ажиглаж, хариу арга хэмжээ авч ажилладаг болжээ. Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол төв” ТББ-аас уг төслийг хэрэгжүүлж буй аж.
Энэхүү ажлын үр дүнгийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн захирал Б.Нарангэрэл “Бид төсөлд хамрагдсанаар багш нараа хөгжүүлэхэд анхаарч, багт нэгтгэсэн. Үр дүнд нь манай сургуулийн газар зүй, биологийн багш Монгол Улсынхаа шилдгээр шалгарч, 100 сая төгрөгөөр шагнуулсан. Өмнө нь бид зөвхөн удирдлагын түвшинд бодлого гаргаж, багш нар хүүхдүүдэд хэрэгжүүлэх зарчмаар ажилладаг байв. Одоо багаар ажиллаж, хүүхдүүдээ нэн тэргүүнд судалж байна. Улмаар сурагчдынхаа онцлогт тохируулж, алсын хараа, бусад загвараа баталдаг болсон. Хүн бүрийн оролцоотой менежмент хэрэгжүүлж байгаа” гэв.
Сургуулийн менежментийг сайжруулснаар багш нар багаараа илтгэл бичиж, нэг зүйлийг тал талаас нь судалж, асуудлыг хамтдаа шийддэг болжээ. Тухайлбал, нэгдүгээр ангийн таван багш хоорондоо өрсөлдөх бус, хамтарч ажилладаг болсон гэнэ. Энэ нь хүүхдүүдийн сурлага сайжрахад, багшийн ур чадвар ахихад нөлөөлсөн байна. Төслийн зөвлөх Ц.Одонтуяа “Бид хувийн хэвшлийн “Шинэ Монгол” сургуулийг амжилтад хүргэсэн туршлага, зөв менежментийг улсын сургуулиудад нэвтрүүлж буй юм. 117 сургууль төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжид наймыг сонгосон. Цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.