НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гаас 1999 онд зарласан "Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна.
Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг болсон билээ.
Хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас 1.5 тэрбум оюутан сурагч танхимаар суралцах боломжгүй болсон. Олон улс оронд зайн сургалтын нөхцөлийг хангалттай бүрдүүлээгүйгээс болж боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход бэрхшээл учирч байна.
Иймээс ЮНЕСКО энэ жил буюу 2021 оныг “Нийгэм, боловсролын хүрээнд олон хэлний мэдлэгийг дэмжих өдөр” хэмээн зарлалаа. Ирэх 10 жилийн гол зорилт бол хүн төрөлхтний гайхамшигт өв хэлний олон янз байдлыг хадгалан хамгаалах явдал бөгөөд 2022-2032 онд “НҮБ-аас Уугуул хэлний олон улсын 10 жил”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.